Улсын харцага Г.Ганхуягийг олон нийтийн сүлжээнд бусдын аминд халдахаар заналхийлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд хойшлуулшгүйгээр баривчилсан талаар бид өнгөрсөн даваа гаргийн дугаартаа мэдээлсэн. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг өчигдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас Г.Ганхуягийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус шүүхэд хүргүүлсэн аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-т “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Прокуророос шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад дээрх хуулийн зүйл заалтад тусгасан нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүх яллагдагчаар тооцон нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Үүнээс өмнө прокуророос Г.Ганхуягийг сэжигтнээр баривчлах саналаа тус шүүхэд хүргүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.4-ийн “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол”, 1.5-д нь “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна” гэснийг үндэслэн энэ сарын 15-ны 22.00 цагаас хэтрүүлэлгүйгээр баривчлахаар шийдвэрлэсэн юм. Уг цаг болохоос өмнө шүүх үргэлжлүүлэн хорих захирамж гаргалаа.
Улсын харцага Г.Ганхуяг олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал болон физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр нарын аминд халдаж болзошгүйгээр үзэл бодлоо илэрхийлсэн билээ.