Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр гарч явсан Б.Н-г Интерполын улаан буланд зарлан мэдээлсний дүнд байршлыг нь тогтоон эх оронд нь шилжүүлэн авах ажиллагааг цагдаагийнхан зохион байгууллаа. Түүнийг олон улс дамжин явж Бүгд Найрамдах Аргентин Улсад амьдарч байгааг 2024 оны арванхоёрдугаар сард тогтоосон бөгөөд ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, Эрүүгийн цагдаагийн алба болон ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооныхон Аргентин, Турк, Хятадын Интерполын ажилтнуудтай хамтран ажиллаж хүлээлцсэн байна. Өдгөө Б.Н-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутагт 2021 оны намар насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа оргож, 2022 оны зун хойд хөрш рүү анх хил давсан аж. Тэндээсээ өөр нэг бус орноор дамжин Америк тивийг зорьсон гэнэ. Тэгвэл уржигдар орой Интерполын улаан буланд зарлаж, олон улсад эрэн сурвалжилж байсан өөр нэг хүнийг цагдаагийнхан шилжүүлэн авчээ. Мөн л бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгуулж байсан Д.Б 2023 онд хил давж зугтсан аж. Түүнийг Киргизстан улсад байгааг тогтоон тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласны дүнд өнгөрсөн оны намар баривчлуулсан аж. Улмаар тус улсын болон Казахстаны Интерполын товчооны ажилтнуудтай ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооныхон хамтран шилжүүлэн авах ажлыг зохион байгуулсан гэнэ.
Г.Орчлон