АН байгуулагдсаны 35 жилийн ойн өдөр буюу энэ сарын 7-нд тус намынхан Үндэсний бодлогын хорооны болон Их хурлаа хийв. Тус намын партизанууд 1990 оны ардчилсан хувьсгалыг хийж, улмаар иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, хувийн өмчтэй байх боломж бүрдсэн юм. Үүнд АН-ын гавьяа их. Тухайн үед ардчиллын эдгээр гол зарчим, эрх чөлөөг Үндсэн хуульдаа тунхаглаж, сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэж итгэсэн биз. Харин 35 жилийн дараа Монгол Улс ардчиллын олон ололтоосоо ухарч, автократ дэглэмд шилжиж буй орнуудын тоонд орчихсон явна. Ийнхүү уруудсанд тус намынхны буруу ч бас багагүй. Эрх мэдлээ булаацалдан талцаж, эсрэг намынхаа өгөөш болсон. Хоёр сонгууль дараалан ялагдаж, эрх баригчдад хяналт тавих хүчингүй болгосны гор. Өнөөдөр ч тэд хяналт тавих биш, эрх мэдэл хуваах замыг сонгож, намын дарга нь хурлын индэр дээрээс популист амлалт өгөөд сууж байна. Авчирсан ардчилал нь аажмаар сарниж байхад бүх зүйл сайхан мэт ярьж, тунхаглаж буй нь харамсаар. Үнэндээ АН-ынхан ардчиллыг хамгаалсан уу, эсвэл хамтран бусниулаад байна уу.
АРДЧИЛЛЫН АМИН СҮНСНҮҮД ХААЧИВ
Тус намын Үндэсний бодлогын хороо 2023 оны наймдугаар сард хуралдахдаа ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож чадаагүй учраас нээлттэй үлдээсэн юм. Түүнийгээ хоёр жилийн дараа буюу өнгөрсөн даваа гарагт сая нэг хаалаа. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ч тэд генсекгүй оролцсон. УИХ-ын сонгуулиас хойш АН-ын генсекийн үүргийг гүйцэтгэж байсан Н.Ганибалыг уг хурлаар албан ёсоор баталгаажуулав. Мөн түүхт ойн өдөр нь учраас амжилт, ололтоо хэлэлцэх нь зүй. “АН бол монголчуудын 300 жилийн мөрөөдлийг биелүүлсэн, ард түмний эрх чөлөөний хүсэл дээр суурилан гарч ирсэн нам” хэмээн АН-ын дарга Л.Гантөмөр онцолсон. Тэрбээр гишүүдээ “Та бүхэн бол ардчиллын амин сүнс шүү” гэжээ. Гэтэл тэр эрх чөлөө нь өнөөдөр хумигдаад, Монгол Улс автократ дэглэмд шилжиж, дарангуйлалтай орны шинж тэмдэг илрээд байхад ардчиллын амин сүнснүүд нь яагаад хэлгүй, дүлий мэт байна вэ. Тэд найман жил “лааз өшиглөсөн” болохоор албан тушаал, эрх мэдлийг ихэд санагалзсан, тиймээс л өөрсдөд нь санал өгсөн хагас сая хүний итгэлийг хөсөрдүүлэн байж хамтарсан Засгийн газарт орсон. Хэдийгээр хамтраад олон жил гацсан зарим том төслийг хөдөлгөсөн нь үнэн ч одоо тэд МАН-д хяналт тавьж, шүүмжилж ч чадахаа больсон байна. Л.Оюун-Эрдэнийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг болчихжээ. Ардчиллаар овоглож, эрх чөлөөний бэлгэдэл нь болж, түүнийг хамгаалахын төлөө тэмцэх учиртай гол намын гишүүд нь МАН-ынхан энэ бүхнийг нь баллаж байхыг эхний найман жил хараад л суусан. Харин сүүлийн нэг жил АН-ынхан тэдэнтэй хамтраад ардчиллын ололтоосоо ухарч байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө хумигдаж, Засгийн газрыг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүнийг хүртэл нийтээр буруутгаж, “тролл” армиараа дайруулдаг хар технологи хэдийн нутагшаад буй. Сүүлийн үед өрнөсөн олон ч үйл явдлыг УИХ дахь АН-ын гишүүд хараагүй, сонсоогүй мэт авирлаж байгаа. Харин намын дарга нь тэднийгээ хичээл зүтгэлтэй, санаачилгатай, маш сайн ажиллаж буй хэмээн магтав. Сайд нар нь ч бас хариуцлагатай, сайн ажиллаж байгаа гэнэ. Аялдан дагалдаж, алдаа бүхний хажуугаар чимээгүй өнгөрч, ардчиллын үнэт зүйлээсээ ухрахад нь эл үйлдлээрээ хувь нэмэр болж буйгаа ийнхүү дүгнэж байгаа аж. Шог зураач С.Цогтбаяр тус намын баярын хурлын талаар “1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан үнэ цэнтэй бүхний эсрэг үйлдэл бүрд оролцож, гар хөл нь болон хамтарч, тусгаар тогтнолоо хүртэл эрсдэлд оруулан, над шиг олон дэмжигчийнхээ урмыг хугалж, намынхаа нэрийг газраар нэг болгочхоод юуны чинь баярын хурал” гэж бичжээ. Гэхдээ АН дотор эрүүл саруул ухаантай, эрх мэдэл дагаж амаа үдүүлээгүй цөөн гишүүн бий. Тэдний нэг Ж.Баярмаа “Ардчилсан хувьсгалаар олж авсан гол ололтуудаасаа манай улс ухарсаар байна. Манай улс авлигын индексээр дарангуйллын дэглэмтэй Беларусийн дараа орсон байна. Нам бол засаглахын төлөө оршдог. Улмаар үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорьдог. Хамтарсан Засгийн газарт орсны хамгийн гол зорилго бол энэ. Бидний зорилго хэрэгжиж буй, эсэхийг асууж, анхаарах нь чухал. Хариулт байхгүй бол хамтрахын хэрэг АН-д байна уу. Ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг татварын ачааллаас хөнгөлөх нь АН-ын үзэл баримтлалын нэг зорилго. Гэвч энэ бүхэн учир дутагдалтай байна” гэжээ. Эрх баригчдын өөдөөс дуугардаг улс төрч байхгүй болсныг гишүүн Б.Пүрэвдорж мөн ярьсан байна лээ.
Энэ мэтээр олж авсан ололтоосоо ухарч, өөрсдөө ч дуугарч чадахаа больсон атал үүний талаар ярихыг АН-ын дарга Л.Гантөмөр хүссэнгүй. Хамтарсан Засгийн газарт орсон нь олон улсын геополитикийн нөхцөлд хамгийн зөв шийдвэр байсан, улс орноо хөгжүүлэхийн тулд хамтрах учиртай гэх мэтээр тайлбар хэллээ. Тэгснээ өөдрөг гэхээсээ популист амлалт өгөв. “2028 он гэхэд нэг иргэнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар болж, утаа, түгжрэл арилна гэдгийг энэ индэр дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна” гэв. Их л зоригтой байгаа бололтой.
НЭГДЭЖ БАЙЖ ХҮЧИРХЭГЖИНЭ
АН бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдэлдэг, баруун төвийн либерал үзэл баримтлалтай нам. Гэтэл өнөөдөр дээрх байдалд хүрсний нэг шалтгаан нь тус намын дотоод талцалтай мөн холбоотой биз ээ. 35 жилийн хугацаанд АН-аас их олон хүн “өрх тусгаарласан”. Бас гомдож гараад, аврал гуйж буцаж ирэгсэд ч бий. Тус намынхан хаалга саваад явсан хүмүүсээ эргээд ирэхэд нь шүүлтүүргүй тосоод авдаг. Тухайлбал, Л.Гүндалай тус намаас хэд гарч, хэд орсон тоогоо бараг алдсан. Тэрбээр хамгийн анх 2000 онд Хөвсгөл аймгаас бие дааж УИХ-д сонгогдоод удалгүй АН-д элссэн юм. Гэвч 2005 онд Ард түмний нам байгуулж, тухайн үеийн хамтарсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайд хийж үзэв. Улмаар сайд байхдаа тендер будлиантуулсан хэргээр ял авах дөхөхөд аврал эрэн АН-д эргэн ирсэн. 2015 онд дахин Ард түмнээ хайрлая нэртэй нам байгуулж, УИХ-ын сүүлийн сонгуулийн өмнө нэрийг нь Ард түмний хүч болгон өөрчиллөө. Нам байгуулж тоглодог, хэрэгтэй бол тусдаа гарч, Засгийн газрын бүрэлдэхүүнд орчхоод, ядраад ирэхээрээ буцаж очсоор бараг “жим” тогтсон байх, түүний хувьд. Эдүгээ Үндэсний эвслийг бүрдүүлж, парламентад төлөөлөлтэй болоод буй МҮАН ч АН-аас угшилтай. М.Энхсайхан, Ж.Наранцацралт тэргүүтэй тус намын гишүүд 2006 онд Үндэсний шинэ намыг байгуулж, хожим нэрээ Үндэсний ардчилсан нам болгон өөрчлөөд буй нь энэ. МҮАН-ынхан ч УИХ-ын сонгуулийн өмнө АН-д буцаж нэгдэх тухай хэд хэдэн удаа яриад авсан. Энэ мэтээр АН-аас өрх тусгаарласан намуудын нэг болох Монголын либерал, ШИНЭ намынхан дахин эргэн ирэхээр болоод буй. Уг асуудлыг баярын өдрөө болсон Их хурлаар АН-ынхан хэлэлцэж, олонх нь дэмжжээ. ШИНЭ намыг Л.Болд, Ж.Батзандан нар 2019 онд байгуулсан билээ.
Энэ мэтээр орж, гарсаар эргэж буцдаг, дундуур нь улс төрийн тоглолт хийж, аль ашигтай хувилбараар ажилладаг улс төрчдийг ирэхэд АН-ын зарим гишүүн дургүй байгаагаа илэрхийлж байв. Гэвч МАН-ын хатгаасаар АН-ыг олон жижиг нам болгон хувааж, хүчгүйдүүлж ирсэн тул аль болох олуулаа нэгдэх тусмаа зөв гэсэн байр суурь давамгайлсан хэрэг. Тухайлбал, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ “Зөвийн төлөө бол АН чөтгөртэй ч хамаагүй нэгдэх хэрэгтэй” гэжээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Түүх харахад ардчиллын төлөөх үзэл баримтлалтай намууд нэгдсэн үедээ л ялж, хүчтэй байсан. Тиймээс нэгдэх нь зөв. Тэгж байж л “хадны мангаа” мэт МАН-тай тэмцэлдэж чадна. Тус намынхан сонгууль бүрээр АН-ыг олон хуваах, талцуулах бодлого баримталдаг. Тархай байхын хэрээр ардчиллын төлөөх гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад учруулдаг” гэжээ.
Дээрх намууд АН-ын төлөө, ардчиллыг бэхжүүлэхийн тулд эргэн ирээгүй ч байж мэдэх. Хамтарсан Засгийн газарт орсон учраас “бялуу” хүртэх сонирхлоор нэгдэж байхыг үгүйсгэхгүй. Зорилго нь ямар ч байсан ардчиллын төлөөх чиг баримжаатай намууд нэг дороо төвлөрөх нь ашигтай. Хамгийн гол нь тэднийг зангидан, эв нэгдэлтэй байлгах чухал ажил бий. Тус намынхан 2025 онд Их хурлаа гурван удаа хийж, зуун зуунд хэрэглэх даацтай, тогтвортой дүрэм батлах гэнэ. Утаа, түгжрэлийг гурван жилд алга болгохгүй ч өөрсдөө МАН-ын дүрэмд уусчихгүй тэсэх нь АН-ын хувьд илүү чухал байна. Учир нь энэ нам оршиж байж ардчиллын үнэт зарчмуудыг бүрмөсөн алдчихгүй хамгаалж үлдэх учиртай юм.