ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн гадаадынхантай хамтраад мансууруулах төрлийн бодис оруулан ирж,
борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, сэжигтэй этгээдийг баривчлан цагдан хорьсон.
Түүнээс 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хурааж аваад байна. Уг этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон гадуур шалгуулж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж ийнхүү баригдсан. Мөн манай улсын дөрвөн иргэн ОХУ-аас их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор нэвтрүүлж Улаанбаатар хотод оруулж ирэхэд нь баривчиллаа. Тэдний гуравт нь цагдан хорих, нэгд нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх
арга хэмжээ аваад байна. Тэдний оруулж ирсэн эм нь эмчийн бичсэн энгийн жорын дагуу эмийн сангаас олгодог, өвчин намдаах үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Энэ эмийг хүүхдүүд мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол их байна. Үүнийг хэрэглэсний улмаас 2022 оноос хойш өсвөр насны 13 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар, хөлөө
тайруулсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ судсыг сайн ажиглаж, шарх сорви байгаа, эсэхийг шалгаж байхыг зөвлөе” хэмээсэн юм.