“Харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүл” уриатай “Gej yu ve” цахим сувгийн залуус “Science сonference” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. НҮБ-аас 2025 оныг Квантын жил болгон зарласантай холбогдуулан шинжлэх ухаанд шимтэгсдийн өнөө жилийн цугларалтыг “Квантын эрин” сэдвийн хүрээнд хийх аж. Энэ сарын 20-нд Соёлын төв өргөөнд зохиогдох тус арга хэмжээг та зорьж очсоноор “Эсийн гайхамшиг”, “Удамшлыг хянаж, амьдралыг хакдах нь”, “Бид нэг атом дотор амьдардаг байж болох уу”, “Квант компьютер, хиймэл оюун ухаан хамтарвал яах вэ” гэх мэт сонин содон илтгэл, хэлэлцүүлэг, хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг сонсож мэдлэгээ тэлэхээс гадна олон сонирхолтой туршилт, сургалтад хамрагдах боломжтой. Хүн төрөлхтөн квантын ертөнцийг нээснээс хойш 100 жил өнгөрч байгаа бөгөөд шинжлэх ухаан асар хурдан хөгжиж, молекул биологи ба генетик инженерчлэлийн салбар гайхамш¬гийг бүтээсээр буй энэ үед үлэг гүрвэлүүдийг хүртэл “сэрээж” чадах юм биш биз гэдэг асуултад хариулт хайж болох гэнэ шүү.
Л.Ням