Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газар 4-р сарын 14-нд хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Архангай аймагт хуралдаан зохион байгуулагдсан. Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамруулан зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, ААН-үүд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцлоо.
Орон нутагт зохион байгуулсан засгийн газрын хуралдаанаар Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Хангайн бүсийн хөгжлийг аялал жуулчлалын төвлөрсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Тухайлбал, Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жижиг ААН-үүдийг дэмжих “Хөгжлийн гүүр” төсөл хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн бүсийн цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх зорилгоор цаг уурын төхөөрөмжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн" гэлээ.