Монголын циркийн урлагийн 200 гаруй уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв талбайд долоо хоногийн турш нэгдсэн тоглолт толилуулах нь. “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд санаачилсан уг тоглолтыг Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсад циркийн сургууль үүссэний 85 жилийн ойд зориулж буйгаараа онцлог гэнэ. “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн тогтмол оролцож, гран при, алт, мөнгө, хүрэл цом хүртсээр ирсэн 10 гаруй хамтлагийн уран бүтээлчид үүнд нэгджээ. Тэд хамгийн шилдэг, онцгой гэсэн үзүүлбэрүүдэээ энэ сарын 22 хүртэл өдөр бүр 11.00, 15.00, 18.00 цагт нийслэлчүүдэд толилуулж, циркийн урлагаар цангаж буй хүүхэд, залуусын нүд, сэтгэлийг баясгах нь.
Ж.Сувд