Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус орны үндэсний гавьяаны “Хүлэг баатар” одонгоор шагнажээ. Франц улс соёл урлаг, нийгэм, шинжлэх ухаан, цэрэг, улс төр зэрэг салбар салбарт түүчээ болж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст 1957 оноос эхлэн “Хүлэг баатар” одон олгож эхэлсэн. Өнгөрөгч онд уг шагналыг манай улсаас Үндэсний батлан хамгаалах их сургуулийн гадаад хэлний багш Н.Уранчимэг, “Монголын урлагийн зөвлөл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Одгэрэл тэргүүтэй хүмүүст олгож байсан юм. Н.Чимгүүндарийг эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, Монгол, Францын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж, ийнхүү шагнажээ.
Н.Мишээл