Өдгөө олон нийтийн анхааралд өртөж, шүүмжлэлийн бай болоод буй Сэлбийн үерийн далан барих ажлын эхлэл ийнхүү тавигджээ. Тодруулбал, уг ажлыг санаачилж, төсөл боловсруулсан хүн нь нийслэлийн Ерөнхий архитектор асан, хожим “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажилласан Н.Нацагдорж гэгддэг. Харин түүний санаачилгыг тушаал, шийдвэрээр дэмжиж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнууд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Даваасүрэн, “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нар гэж үзэж болохоор. Үндсэндээ энэ ажлын ерөнхий автор нь Н.Нацагдорж, хэрэгжүүлэх замыг засагч нь Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам (хуучнаар), нийслэлийн ЗДТГ, харин “гардан гүйцэтгэгч” нь өнөөгийн хотын мээр Х.Нямбаатар юм. Хоёр Засгийн газар, Засаг даргын “гар дамжсан” уг ажлыг иргэд ингэтлээ эсэргүүцэж буйн гол шалтгаан нь Сэлбийг сэргээх бус, сэхэлгүй болгох эрсдэлтэйд байгаа юм. Одоо хийж байгаа ажлууд, босгосон бетонон хана зэргээс нь харахад яавч бүтэлтэй, өөдтэй төсөл биш гэдэг нь илт. Хэдийгээр нийслэлийнхэн болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхан эхлүүлсэн ажлаа хамгаалж, хотын өмнөх удирдлага, албан тушаалаа өгсөн хүмүүст бурууг нялзааж буй ч тэдний үед төслийн “бүтээн байгуулалт” эхэлсэн, өдгөө ч хяналт, удирдлага дор нь бүх зүйл өрнөж байгаа. Зураг төсөл, ТЭЗҮ-ээс эхлээд сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэл зэрэгт нь хяналт тавих, анхаарах, тэр ч бүү хэл, зогсоох, цуцлах эрх, үүрэг нь ч тэдэнд бий. Олон нийтийн “шахалт, шаардлага”-аар ажлыг нь эхлүүлсэн хэмээн Х.Нямбаатар даргын танилцуулсан Сэлбийн бетонон хананы нийт төсөвт өртөг нь 20.5 тэрбум төгрөг. Зөвхөн барилга угсралтын болон газар шорооны ажилд нь ийм мөнгө төсөвлөсөн. Харин цаашид ханыг бэхжүүлэх, өргөсгөх, лаг хагшаасыг нь цэвэрлэх ажлуудыг хийж, бүрэн дуусгахад 470 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Тэгэхээр одоо босгоод буй 20.5 тэрбумын бетонон ханыг үерийн далангийн дүртэй болгож, өөд нь татахад хагас их наяд орчим төгрөг зарцуулах нь.
ГОЛЫН ЭКОСИСТЕМД ХОРЛОНТОЙГООР ХАЛДАВ
“Сэлбэ сэргэлт” төслийн үндсэн зорилгуудын нэг нь голын урсцыг дэмжиж, экосистемийг нь хамгаалах байв. Харин голын голдирол, татамд хаа хамаагүй халдаж, хөндөж буй одоогийн байр байдлаас харахад энэ зорилго яавч биелэхгүй нь. Эл төслийн ажилтай холбоотойгоор Сэлбэ, Дунд голын эрэг дагуух 10 км газрын бургасыг өнгөрсөн оны хавар нүүлгэн шилжүүлнэ гэхэд байгаль орчны салбарынхан яаж эсэргүүцэж, шүүмжиллээ. Голын татмын ойг сүйтгэвэл экосистем нь эргэж сэргэхгүйгээр доройтно, урсац нь татарна хэмээн биологичид анхааруулсан. Гэтэл нийслэлийнхэн олны нүд хариулж байгаад үдэш оройн цагаар бургаснуудыг хядчихсан. Сэлбэ хэдийн экосистемийн тэнцвэрээ алдчихсан, туйлдчихсан гэсэн үг. Гэтэл энэ зовлон нь багадав уу гэлтэй, түүнийг дахиад “сэгэлж” эхэллээ. Эргэж сэхэл авахгүй болтол нь сүйдэлнэ гэсэн шиг голдирлыг нь хайр найргүй ухаж төнхөн, урсгалыг нь улаан шороогоор хэдэн талаас нь хааж боож байна. Газар дээрээ ямархуу нүд халтирам дүр зурагтай байгааг тэндхийн оршин суугчид, биечлэн очсон хүмүүс л хэлэх болов уу. Өнгөрсөн хугацаанд Сэлбийг сэргээх, хамгаалах, урсцыг нь дэмжих, орчныг нь тохижуулах төсөл, хөтөлбөр цөөнгүй хэрэгжүүлсэн ч үүн шиг ил цагаанаар голдирол, татамд нь хорлонтойгоор халдаж, сүйтгэсэн нь үгүй юм. “Сэлбэ сэргэлт” төсөл “Сэрүүн” Сэлбийн голыг таслах нь нэгэнт тодорхой боллоо.
ЗОРИЛГО НЬ АРГААЗӨВТГӨДӨГ ГЭХ МУЙХАРЛАЛ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын эрэг дагуу нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй, үерийн түшиц хана буюу далан барих ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар (уржигдар) нэг км хана босгосон бөгөөд ирэх зургаадугаар сарын 30-нд бүрэн барьж дуусгана. Хананы өндрийг 100 жилд нэг удаа тохиох үерийн түвшнээр тооцож тогтоосон. Хэрэв энэ даланг барихгүй бол хотын төв хэсгийн 30-40 хувь нь усанд автах эрсдэлтэй” гэв. Уг далан нийслэлчүүдийг үер, усны аюулаас 100 жил хамгаалах баталгааг тэрбээр ийн өглөө. Ийм бетонон хана босгосноор үерийн эрсдэл маргаангүй буурах байх. Учир нь тэд Сэлбийг дахиж үерлэхээргүй болтол урсцыг нь хумиад, орон зайд нь халдчихлаа шүү дээ. Харин одоо дээрх албан тушаалтан энэ “нүсэр” бетон аюулгүй байдлын наад захын стандарт, шаардлага хангаж байгаа юу, үерийн байгууламжийн шалгуурт нийцэх үү гэдгийг батлаад, олон нийтэд тодорхой хариулт өгөх хэрэгтэй. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг муйхарлалаар “Ийм хана барихгүй л бол та нар урсана”, “Үүнийг нураасан, нураах шийдвэр гаргасан хүн хариуцлагад унана” гэж иргэдийг айлган сүрдүүлчхээд, хуульгүй, дүрэмгүй мэт авирлаж болохгүй. Эл төслийн бэлтгэл ажилд усны салбарын хамаг л гайгүй судлаачдыг ямар нэгэн байдлаар татан оролцуулсан юм билээ. Тиймээс мэргэжлийн гэгдэх хүмүүс нь дүлий дүмбэ царайлах болов. “Сэлбийн урсац жилээс жилд буурлаа, хамгаалахгүй бол хэцүүдэх нь” хэмээн байнга шахам лайв хийж, мэдээ, мэдээлэл түгээдэг мэргэжилтэн нь хүртэл төрийн албанд томилогдсон гэсэн шиг таг дуугүй. Харин байгаль орчны салбарт ойр, инженер, техникийн мэдлэгтэй хүмүүс “Үерээс хамгаална гээд гол усаа харагдахгүй болтол нь хашиж, цайз хэрэм мэт хана босгосон улс үзээгүй. Хотынхоо дундуур урсдаг голыг арай ч ингэж зэрэмдэглэж болохгүй” хэмээн шүүмжилж байна.
ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААСАН “ДАЛАН”
Сэлбийн дагуу 20 тэрбумаар босгосон бетонон хананы болхи хийц, “царай муутай” дүр төрхийг нь ийслэлчүүд шүүмжилж байгаа. Сэлбийн эргийг тохижуулж, иргэдэд амарч, зугаалах таатай орчин бүрдүүлэх зорилготой ажлыг 2010 оноос хойш өчнөөн хийсэн ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин ч ийм санаачилга гаргаж, аар саар ажил хийх тоолонд голын унаган төрх алдагдаж, бохирдол, дарамт нь нэмэгдэж байв. “Сэлбэ сэргэлт” төсөл ч үүнд “хувь нэмэр” оруулж болзошгүй нь. Албаны хүмүүс “Үерийн даланг гүйцэд барьсны дараа ойр орчмыг нь тохижуулж, голын чимээ сонсонгоо ногоон орчинд тухлан суух боломж бүрдүүлнэ” хэмээн сайн сайхан зүйл амласан ч иргэд үүнд итгэхгүй байна. Яаж ч бодсон голынхоо хоёр талаар бетонон хана босгож, харууцгүй болгочхоод “Байгалийн сайханд амрах тухтай орчин бүрдүүлнэ” гэхээр даажигнал шиг сонсогдохоос яах вэ. Ийм хананы цаана юу байгаа гэж төсөөлж, ширтэж суух билээ. Манайх шиг тоос шороондоо дарагдсан, ногоон байгууламжгүй, “цементэн ширэнгэ” болсон хотод ийм зэгэл саарал хана нийслэлийн өнгө төрхийг гундаана уу гэхээс сэргээхгүй. Тэндхийн оршин суугчид ч сэтгэл гонсгор байна.
“Lux house” хотхоны оршин суугч “Анх энд байр авсан шалтгаан нь нэгт, хүүхдийн сургуультай ойр, хоёрдугаарт, голын эрэг дагуу гэж сонгосон. Гэтэл гол тойруулаад бетон босгочихлоо. Гурав, дөрвөөс дээш давхрын айлуудад л цонхоор харагдах бололтой. Манайх шиг доод давхарт амьдардаг айлууд цонхоороо хашаа, хана л харах юм байна. Ийм зүйл хийсэнд итгэж чадахгүй нь. Уржнангийн үерээс хойш эндхийн айлууд байраа нэлээд зарах болсон. Одоо голыг нь хаачихаар бүр л олноороо нүүцгээх байх” гэв. Өөр нэгэн залуу “Энд ажил хийж эхэлсэн үеэс оршин суугчдын тав тух алдагдсан. Дуу чимээ, тоосжилт эрс нэмэгдсэн. Дээрээс нь далан барина гээд энэ хэсгийн зам (бидний мэдэхээр Буянгийн)-ын явган хүн зорчдог хэсгийг , алхах аргагүй болгочихсон. Одоо ч ийм байна. Мод тарьж, сандал, сүүдрэвч байршуулж тохижуулна гэж байгаа ч үнэн хэрэгтээ энд тийм зай талбай, орчин үлдэхгүй нь” хэмээн ярилаа.
Н.Мишээл