Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, Гемодиализийн тасагтай болгожээ. Ингэснээр дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж өргөжиж, тэр дундаа бөөрний архаг, цочмог дутагдалтай өвчтөнүүд эмчилгээ, үйлчилгээгээ “хаяа”-наасаа авах боломж бүрдсэн байна. Тус тасагт бөөр орлуулах дөрвөн аппарат суурилуулсан гэнэ. Цаашлаад өргөтгөлийн барилгын тасгуудад хавдрын химийн эмчилгээ хийх аж.
Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн бусад байгууллагын резидент нарыг дадлагажуулах, сургалт, судалгаа хийх цар хүрээ нь нэмэгдэж. Өргөтгөлийн барилгыг орон нутгийн хөрөнгөөр “Жи Би Ти Эм Жи” компанийнхан гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн гэв. Ташрамд, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг энэ онд 1.5 тэрбум төгрөгөөр шинэчилжээ.