Цаг уурын байгууллагаас 5-7 дугаар сарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Хаврын сүүл сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй гэнэ. Харин энэ хугацаанд хүчтэй салхи, шуурганы давтамж их байхыг анхааруулав. Иймд хуурайшилт ихтэй нутгуудад гал түймрийн эрсдэлээс сэргийлэхийг сануулсан юм. Тодруулбал, ирэх сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Зургаадугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр ахиу орох гэнэ. Харин долоодугаар сард Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар хэвийн гэсэн төлөв гарчээ.
Ч.Туяа