“Nomad Passport Index”-ээс дэлхийн хамгийн хүчирхэг паспортыг нэрлэж, Ирланд улс уг жагсаалтыг тэргүүлсэн бол Швейцар, Грек удааллаа. Ирланд улс энэхүү жагсаалтад дангаараа тэргүүн байр эзэлсэн анхны тохиолдол энэ бөгөөд 2020 онд Люксембург, Шведтэй хамт нэгдүгээрт бичигдэж байсан юм. Хорь гаруй эх сурвалжаас мэдээлэл авч нэгтгэдэг тус жагсаалтыг энэ жил ес дэх удаагаа гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 199 орноос 132 дугаарт эрэмбэлэгдсэн бол Афганистан, Йемен, Эритрей улс сүүл мушгижээ.
Ихэнх жагсаалт тухайн орны паспортын визгүй зорчих боломжийг голчлон авч үздэг бол “Nomad Capitalist”-ын хувьд энэ нь ердөө 50 хувь бөгөөд үлдсэн хэсэг нь татварын бодлого, олон улсын нэр хүнд, хоёрдогч иргэншил эзэмших боломж, хувийн эрх чөлөө (хэвлэлийн эрх чөлөө, цэргийн алба хаах шаардлага гэх мэт) зэргийг харгалзан нийт таван шалгуурын дагуу дүгнэдэг байна.
Л.Ням