Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.6, ирэх онд 5.9 хувиар өснө гэж тооцоолсноо өчигдөр танилцуулав. Тус банкны ахлах эдийн засагч Эдуард Фэйбер “Уул уурхай болон үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт 2023, 2024 оны зудаас үүдэлтэй хөдөө аж ахуйн хүндрэлийг нөхсөнөөр Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд тэнцвэртэй байдлаа хадгалж чадсан. Харин 2025, 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд дотоодын эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуй аажмаар сэргэж буй нь үүнд тодорхой түвшинд түлхэц үзүүлнэ. Гэвч Монгол Улс уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл өндөр хэвээр” гэв.
Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний тариф өссөнөөс үүдэлтэйгээр инфляц энэ онд 9.1 хувьд хүрэх бол дараа жил долоон хувь болж буурах төлөвтэй гэнэ. Түүнчлэн “Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй. Харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах тоног төхөөрөмж, бараа материалын импорт өсөх хандлагатай. Гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх ч орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай байна” гэж төсөөлж буйгаа ч тодотгов.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан 2025 оны дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн тайлан”-д дурдсанаар хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2025 онд өнгөрсөн жилийнхээс ялимгүй буурч 4.7 хувьд хүрэх тооцоотой аж. Харин хүнс болон эрчим хүчний үнэ дэлхий дахинд буурснаар тус бүс нутгийн инфляц энэ онд 2.3, ирэх жил 2.2 хувь хүртэл буурах боломжтой гэж төсөөлжээ.
Н.Мишээл