Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр олон ажил мэргэжил хөдөл - мөрийн зах зээлээс шахагдаж, устаж, үгүй болсоор байна. Гагцхүү энэ үед сошиал орчинд тролл ажиллагаа явуулдаг “хар зах”-ууд өргөжин тэлж, ажилчдын эгнээгээ улам бүр тэлэх боллоо.
Интернэт тролл гэдэг үнэ хүндгүй, өсөн дэвжих карьергүй, мэргэжлийн зэрэг, өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар шаарддаггүй, нийгэмд асар хортой энэ “албан тушаал”-д очигсдын ажлын гол талбар нь youtube, блог, фэйсбүүк, твиттер (Х) зэрэг нийгмийн сүлжээ. Тэд эдгээр сувгаар дамжуулан бодит үнэнийг гуйвуулан сарниулах, захиалгатай, худал, ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээх, олон нийтийг бухимдуулж, хагалган бутаргах, нийгэмд дайсагнал, үл итгэлцэл бий болгох гол зорилгоо гүйцэлдүүлдэг юм.
Троллуудын хамгийн том “зах” нь фэйсбүүк. Дэлхийн хүн амын 30 орчим хувь нь энэ сүлжээг өдөр тутам идэвхтэй ашиглаж, мэдээ, мэдээлэл хүлээж авдаг учир тэд үүнийг ажлынхаа гол талбар болгодог. Фэйсбүүк идэвхтэй хэрэглэг¬ чийн тоогоороо Азид толгой цохиж, дэлхийд эхний 10-т багтдаг манай орны хувьд ч фэйсбүүк нь троллуудад зорилгоо гүйцэлдүүлэх таатай хөрс болсоор өнөөдрийг хүрлээ. Олон улсын нийтлэг жишгээс харахад, аливаа эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх, террорист бүлэглэлийн эсрэг суртал ухуулга хийх зэрэг эерэг зорилгоос гадна улс төрд өрсөлдөгчөө унагаах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх сэдлээр троллуудыг түгээмэл ашигладаг байна.
Харин Монголд олон нийтийн санаа бодол, нийгмийн уур амьсгалыг удирдан чиглүүлэх, улс төрд өрсөлдөгчөө “намнах”, сонгуулийн үр дүнд нөлөөлөх, хэн нэгэн хүн, хэсэг бүлэгт ашигтай шийдвэр гаргуулах, нэгэнт гарсан шийдвэрийг цуцлуулах, эрх, мэдэл, албан тушаалын төлөө хэн нэгнийг харлуулах зорилгоор түгээмэл ашиглаж байгааг судлаачид хэлэв. Бид ч нийгмийн сүлжээ идэвхтэй ашиглагчийн хувиар энэ бүхнийг бодитоор, тодоор харж буй.
ТӨРД ИВЭЭГДСЭН “ХИАМЧИД”
Монголд тролл ажиллагаа хил хязгаараас давж, утгаа алдлаа. Илт худал, мушгин гуйвуулсан, баримт, үндэслэлгүй мэдээлэлд манай нийгэм живлээ. Бизнес эрхлэгчид, маркетинг сурталчилгаа хийдэг хүмүүс хүртэл бараа, бү¬ тээгдэхүүнээ худалдан борлуулах, өрсөлдөгчөө харлуулах аминчхан зорилгоор үндэслэлгүй, худал мэдээлэл цацуулж, нэгнийгээ хохироох болов. Нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр троллууд эх орон, газар шороо, үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг ярьж, нийгмийг хагалган бутаргаж, айдаст автуулан, ажил хийлгэхээ болилоо. Улс төрчид нь эрх мэдэл, албан тушаалын төлөө “хиамчид”-тай гар нийлэн ажиллаж, тролл хаягууд эзэмшиж, нэгнийгээ хайр найргүй гутаадаг үзэгдэл газар авав. Сэтгүүл зүйн нэр барьсан, мэргэжлийн бус хүмүүс фэйсбүүкт төвлөрөн мэдээ, мэдээлэл тү¬ гээдэг хулгайн, хуурамч сайт олноор бий болгож, дан пиар, гүтгэлгийн шинжтэй агуулгуудыг уулгалан цацах болов.
Нийгмийн сүлжээнд олон дагагчтай, нөлөө бүхий хүмүүс, гайгүй гэж үнэлэгддэг сэтгүүлчид хүртэл сайд, дарга нарын халаасанд багтаж, тэдний дохиураар үнэнийг худал, зөвийг буруу болгож нийгмийн оюун санаагаар “наадаж” байна. Эцэстээ Засгийн газар нь ийм “бохир тоглоом”-д гүн гүнзгий хутгалдав. Засгийн газар болон Ерөнхий сайд руу чиглэсэн аливаа шүүмжлэл, буруутгалын хариу нийгэмд ямар байдлаар, хэр өргөн далайцтай ирдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Засгийн газрын тэргүүнийг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, 2024 оны парламентын сонгуулийн талаар баримтат кино хийж буйгаа зарласан даруйдаа саатуулагдан байцаагдсан “Ноорог.мн” сайтын залуусыг троллууд хэрхэн бүчин авч харлуулж, гутаан доромжилж, нэр төрд нь халдан, хувийн мэдээллийг нь дэлгэснийг бид саяхны өдрүүдэд үзлээ. Засгийн өмнөөс хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн сайн санааны үүднээс тэдэн рүү ингэтлээ улайран дайрахгүй л болов уу. Угаасаа троллууд хөлсгүй хэзээ ч хөдөлдөггүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн агуулгатай мэдээлэл, контент түгээдэг пэйж хуудсууд фэйсбүүкийн сурталчилгаанд үлэмж хэмжээний мөнгө хаясаар буйг нэгэн сэтгүүлч саяхан ил болгосон.
Засгийн газрын тэргүүний ойрын хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг нэгэн энтертайнмент студи гэхэд тусгаар тогтнол, Баялгийн сантай холбоотой болон хар пиарын шинжтэй контент фэйсбүүкээр түгээхэд чамгүй хөрөнгө хүч зарцуулж буйг ч тэрбээр хөндсөн. Эндээс манай төр хэрхэн “троллжсон”-ыг харж болно. Уг нь олон улсад троллыг “Тодорхой эрх ашгийн үүднээс цахим орчинд хуурамч хаягаар худал, ташаа мэдээлэл түгээж, улс, үндэстний дотоод эв нэгдэл, итгэлцлийг алдагдуулж, өдөөн турхирах үзэгдэл” гэж тодорхойлдог юм билээ. Гэтэл манай төр өөрөө улс, үндэстнийхээ дотоод эв нэгдэл, итгэлцлийг алдагдуулах, хагалган бутаргах, нийгмийн хөгжлийг хойш чангаах зүйлсийг удирдан зохион байгуулж, нэр, зүсээ нуусан хуурамч хаягтай этгээдүүд болон “амьд” троллуудыг ч тэтгэж байгаа нь харамсалтай.
ХЯНАЛТГҮЙ АЖИЛЛАГАА
Троллтой тэмцэх хамгийн үр дүнтэй, сонгодог арга нь иргэд, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх гэж үздэг. Хэдийгээр “Мета”-гаас фэйсбүүк дэх хуурамч хаягууд, төрийн эсрэг ажилладаг тролл ферм буюу томоохон бүлэглэлүүдийг илрүүлэн устгадаг ч “хар зах”-руу хошуурагчдын хурдыг гүйцдэггүй аж. “Мета” компани өнгөрөгч онд 631 сая хуурамч хаяг устгаснаа зарласан. Мөн 2021 онд Никарагуа улс дахь нэгэн тролл фермийг илрүүлэн устгаснаа мэдээлж байв. Дэлхийн хэд хэдэн орон хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэрийн дор тролл ажиллагааг хязгаарлах хууль, журмуудыг (жишээ нь, Малайз) баталж, үүнийг гэмт хэрэгт тооцох зохицуулалт бий болгосон ч бусад хуулийн үзэл санаа, зүйл, заалттай давхардсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний Т “тролл арми” олгойд гарсан үндсэн эрх чөлөөнд аюул учруулсан зэрэг үндэслэлээр няцаагдаж, шүүмжлэл хүлээсэн тохиолдол цөөнгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэлтэй тэмцэх үйл ажиллагаа нь зарим тохиолдолд хүний язгуур эрхийг хангах дэлхий нийтийн нэгдмэл зорилгыг хөндөж байдаг тул олон улсын байгууллагууд энэ асуудалд эмзэг, шүүмжлэлтэй ханддаг байна. Тиймээс олон нийтийн тархийг “цэнэглэх”-ийг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чанаржуулж, хариуцлагажуулахыг чухалчилдаг.
Манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа орхигдоод буйг судлаачид хэлдэг. Хууль, эрх зүйн хүрээнд ч бүрэн дүүрэн зохицуулах орчин бүрдээгүйг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ж.Билгүүтэй хэлсэн юм. Худал мэдээлэл түгээсэн, бусдын нэр төрд халдсан гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, үүний дагуу мөрдөн шалгаж, хариуцлага тооцдог ч хууль тогтоомжид троллтой ингэж тэмцэнэ, зохицуулна, арга хэмжээ авна гэсэн тухайлсан, нарийвчлан ялгасан зүйл, заалт байдаггүйг тэрбээр хэллээ. Тролл хаягуудыг илрүүлсэн ч цаана нь чухам хэн буй, ямар хүн эзэмшиж байгааг мэдэхгүй, хариуцлага тооцохгүй өнгөрөх нь элбэг аж.
Иргэд ч энэ асуудалд хайнга хандсаар. “Баримт нэн тэргүүнд” сүлжээнийхэн 2024 оны сонгуулийн үеэр фэйсбүүкээр цацсан гурван контентын сэтгэгдлүүдийг тандахад вьетнам, украин, орос нэртэй хуурамч 50 гаруй хаяг улс төрчдийг илтэд магтан сайшааж зохиомол дэмжлэг үүсгэж байжээ. Мөн нэгэн шууд дамжуулалтын үеэр 2300 гаруй бот хаяг сөрөг сэтгэгдэл бичсэн аж. Эдгээр хаягийг ямар этгээд ажиллуулсныг тогтооож чадаагүй юм билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Цагаан сараар дэвшүүлсэн мэндчилгээ гэхэд хормын төдийд гадаад иргэдийн лайкаар “булагдсан”-ыг нэгэн баримт шалгагч хэлсэн юм. Бид ямар худал, хуурмаг орчинд амьдарч байгааг фэйсбүүкт оруулсан улс төрчдийн постны лайк, сэтгэгдэл, түгээлтээс л харж болохоор байна.
ТЭД ХАМГИЙН ХОРОН
Хүмүүс нэгнээ тролл, “хиамчид” хэмээн муугаар цоллодог ч үүний бодит хор уршиг, нөлөөллийг тэр бүр мэддэггүй аж. Хуурамч, гуйвуулсан, дэгсдүүлсэн, бүрэн бус мэдээлэл нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэл үнэмшлийг бууруулж, нийгмийн уур амьсгалыг тогтворгүй болгохын зэрэгцээ дарангуйллыг бэхжүү¬ лэх аюултайг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах дурджээ.
Хуурамч мэдээлэл хэр олон хүнд хүрч, өргөн хүрээнд тархана, төдийчинээ их урхаг дагуулдаг гэнэ. Харин “Эм жи ти” фирмийн хуульч Н.Ганбаяр “Бот, троллуудаар дамжсан хуурамч мэдээлэл бодит мэдээллээс 4-6 дахин хурдтай тархаж, хүмүүсийн сэтгэл зүй, итгэл үнэмшил, шийдвэр гаргалтад нөлөөлж байдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө бүлэгт мэдээлэл хайх, хүлээн авах нь хүний үндсэн эрх хэмээн заасан байдаг ч тролл идэвхэжсэн өнөөгийн нөхцөлд эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх боломж нөхцөл бүрэн хангагдахгүй байгаа юм.
Хуурамч мэдээллийн “үйлдвэр” хэдий¬ чинээ олширно, үнэн, бодитой мэдээлэл хайж, хүлээж авах боломж хумигдана гэсэн үг. Эндээс дүгнэхэд троллууд хүний эрх, эрх чөлөөнд ноцтой аюул учруулдаг. Улмаар төрийн шийдвэр гаргалтад бодитоор нөлөөлөх, хариуцлага нэхэх, хяналт тавих олон нийтийн боломжуудыг ч хязгаарлаж байдаг. Тиймээс хүний эрхийн мэргэжилтнүүд, хуульчид троллтой холбоотой асуудалд онцгой анхаардаг” гэсэн юм.
Н.Мишээл