Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадам жил бүрийн наймдугаар сард болдог уламжлалтай. Уг арга хэмжээ нь манай улсын аялал жуулчлалын онцлох эвентүүдийн нэг бөгөөд гадаад, дотоодын жуулчид өргөнөөр зорьдог. Тийм ч учраас аяллын агентлаг, тур операторууд өмнөх жилээс нь эхлээд даншиг наадмын урьдчилсан захиалга авч, жуулчидтай гэрээ байгуулдаг юм билээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар салбарын бизнес эрхлэгч, тур оператор компанийнхантай зөвлөлгүй, тэдэнд урьдчилан мэдэгдэлгүй өнөө жилийн “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг зургаадугаар сарын 21, 22-нд зохион байгуулахаар захирамж гаргачихжээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын салбарынхан хотын даргыг бодлогогүй шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна. 2025 онд л зөвхөн зургаадугаар сард зохион байгуулах уу, эсвэл дараа жил дахин өөрчлөх үү гэдэгт хариулт өгч, ийм шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлахыг түүнээс шаардав. Үүнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын холбооноос салбарын судлаач, мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн дунд даншиг наадмын товыг өөрчлөх, эсэх талаар санал асуулгыг ч явуулж буй гэнэ. Тэд “Аялал жуулчлалын салбарын онцлог, уялдаа холбоо, хэмнэлийг мэдэхгүй бол ядаж мэргэжлийн хүмүүсээс асуу, саналыг нь сонс” хэмээн хотын мээрт анхаарууллаа.
Ж.Сувд