Цагаан сарын баяр ойртсонтой холбоотойгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд хонины нөөцөлсөн махыг гулуузаар нь борлуулах аж. Тухайлбал, Баянзүрхэд “Тэнгэр” худалдааны төв болон Жуковын талбайд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах нь. Сүхбаатарт “Аса арена”, Хан-Уулд “Лавай” худалдааны төвийн гадна нөөцийн мах худалдах аж. Баянзүрхэд хамгийн олон буюу дөрөв, Хан-Уул, Сонгинохайрханд тус бүр гурав, Сүхбаатарт хоёр, бусад дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг кг махыг 11 800 төгрөгөөр зарах юм байна.
М.Оч