УИХ-ын гишүүн Э.Болормааг эгүүлэн татахыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болон бусад жижиг намын төлөөлөл өчигдөр шаардав. “Э.Болормаа нь өнгөрсөн онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Ханбогд эксплорэйшн” гэх оффшор компаниас хандив авсан нь маш тодорхой байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл. Тиймээс гишүүнээс нь эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Хандивын мөнгөний эх үүсвэрийг шалгасны дараа ашиглах, үгүйгээ шийдэх нь зөв. Гадаадын компаниас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх, эсвэл улсын орлого болгох шаардлагатай. Гэтэл Э.Болормаа “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэсэн нь маш хариуцлагагүй үйлдэл. Түүнд хариуцлага тооцохгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Э.Болормаад хариуцлага тооцохгүй бол УИХ, Засгийн газар ч тарах ёстой” гэж жижиг намуудын төлөөлөл мэдэгдэв.