Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг өнөөдөр нээж, ирэх сарын 15-нд иргэдээс захиалгыг албан ёсоор авч эхлэх юм байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлтийг баталсантай холбоотой энэ системийг боловсруулан гаргалаа. 2025 оны нэгдүгээр сарын 15-наас иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс дээрх хугацааг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага уг системтэй танилцан, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтрэх юм. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөрөө төлсөн байх шаардлагатай” гэв.
Сонирхуулахад, Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг “Carplate” цахим системээс харах боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна хэмээн тус системд бүртгэжээ.
Ч.Туяа