Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь гол үзмэрүүдийн нэг Мэлхий хадны ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газрууд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдохын тулд эл дурсгалыг халхлан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шонгууд босгож, байгалийн дүр төрх, харагдацыг нь муутгаж байгааг аялал жуулчлалын салбарынхан нийгмийн сүлжээнд хөндсөөр ирсэн. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга энэ асуудлыг шийдвэрлэхээр анхааралдаа авснаа мэдэгдлээ. Тодруулбал, тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өндөр хүчдэлийн шонгуудыг буулгуулж, шилжүүлүүлэхээр болжээ. Тэрбээр “Байгаль, соёлын аливаа дурсгалуудын үнэ цэн, ач холбогдлыг бууруулах зүйл хийсэн тохиолдолд эзэн холбогдогчоос нь шаардагдах зардлыг гаргуулан буулгах, сэргээн засварлах ажлуудыг хийлгэнэ” гэв.
Н.Мишээл