Жуулчдын буюу суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн статистик мэдээллийг өмнө нь Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулдаг байсан. Тэгвэл одооноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо www.mto.mn цахим хуудсаар дамжуулан эл үзүүлэлтийг жил, сар, өдрөөр нь дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ.
Одоогоор манай улсад 741 873 жуулчин ирээд байна. 2024 онд нэг сая жуулчин хүлээж авах төлөвлөгөө, зорилтоо 74.1 хувиар биелүүлсэн гэсэн үг. 1-10 дугаар сард гадаадын 724 663 иргэн Монголд ирсэн бол энэ сар гарснаас хойш нийт 17 210, өдөрт дунджаар 1323 аялагч хүлээн авчээ. Жилийн хамгийн идэвхтэй үе болох долоо, наймдугаар сард 279 153 хүн ирсэн нь энэ оны нийт жуулчдын 37.6 хувийг эзэлж байгаа аж. Голлох зах зээлээр нь ангилбал Орос, Хятад, Өмнөд Солонгосоос хамгийн олон жуулчин Монголд иржээ. Эдгээр нь нийт аялагчийн 77.5 хувь (575 226)- ийг бүрдүүлжээ. Дараа нь япон, казахстан, америк, тайвань, герман, турк, франц иргэд аялал жуулчлалын салбарын гол “хөрөнгө оруулагч”-аар эрэмбэлэгдэж байна.
Манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа хагас саяас давсан буюу 651 061 жуулчин хүлээж авсан. Тэгвэл өдгөө үүнээс 90 812-оор буюу 12.2 хувиар илүү тооны аялагч Монголд иржээ. Жуулчдын урсгал одоогийн түвшинд хадгалагдсаар байвал манай улс энэ онд нэг сая аялагч угтан авах зорилтоо биелүүлэх бүрэн боломжтойг салбарын судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.