Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. Дэлхийн чихрийн шижингийн холбооноос энэ жил нь “Чихрийн шижин ба сайн сайхан байдал” гэсэн уриалга дэвшүүлсэн аж. Өөрийгөө эрүүл саруул, өвчлөөгүй гэж боддог хүмүүс ч чихрийн шижингийн эрсдэлээ үнэлэхийг дээрх байгууллагынхан зөвлөсөн байна. “Чихрийн шижинтэй хүмүүсийн тал хувь нь оношлуулаагүй байдаг. Үүнээс болж өвчнөө хүндрүүлсэн үедээ эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол цөөнгүй.
Ийм шалтгаанаар олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог” гэж тус холбооныхон мэдээлээд, хүн бүр жилд нэг удаа үзлэг, оношилгоонд хамрагдах нь зүйтэй гэж мэдээлжээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс хүн бүр долоон асуулттай оношилгооны хуудас бөглөж, чихрийн шижингийн эрсдэлээ өөрөө үнэлэх боломжтойг зөвлөсөн байна. Уг оношилгооны хуудсыг НЭМҮТ-ийн цахим хуудаснаас үзэж болох нь.
Ч.ЗУЛ