Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах чиглэлээр шуурхай удирдлагын баг байгуулсан билээ. Тус баг болон нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгөв. НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 120 мянган хүн үйлчлүүлсний 6160 буюу 5.1 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байжээ.
Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1, 23.8 хувийг 2-4, 19.3 хувийг 5-9, 20.4 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэл дэх эмнэлгүүдэд хүүхдийн 759 ор бий. Сая нэмэлтээр 310 ор дэлгэсэн.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 100, Сонгинохайрханд 80, Сүхбаатарт 50, Чингэлтэйд 45, Хан-Уулд 20, Багануурт 15 ор нэмж дэлгэсэн. Есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчний улмаас 1108 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2000 гаруй хүүхэд эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авах тасгаар үйлчлүүллээ. Ачаалал ихсэж буй учраас эмчийн орон тоог нэмэгдүүлсэн” гэв.