Манай оронд аравдугаар сард агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3 хэмээс хүйтэн, говь, цөлийн бүсэд 3.1-12, бусад хэсэгт -3.1-ээс гурван хэм хүртэл дулаан байдаг аж. Тэгвэл энэ оны аравдугаар сард агаарын температур өмнөх жилийн мөн үеийнхээс -2.2 хэмээр хүйтэн, олон жилийн дундаж буюу 1991-2020 оны үзүүлэлтээс 1.6 хэмээр дулаан байжээ. Тодруулбал, нийт нутгийн дийлэнх буюу 82.9 хувьд дунджаас 1-3 хэмээр дулаан, 17.1 хувьд нь дунджийн орчим байсан гэнэ. Ингэснээр 2024 оны аравдугаар сар 1940 оноос хойш тохиосон хамгийн дулаан, ес дэх сар болжээ.
Монгол орны жилийн нийт хур тунадасны 3.2 хувь нь энэ сард ордог байна. Нутгийн төв, хойд, зүүн хэсгээр 5.1-18, бусад бүсэд 0.3-5 мм цас ордог аж. Харин өнөө жил 11.9 мм хур тунадас орсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.1, олон жилийн дунджаас 42.6 хувиар өссөн дүн болжээ. Нийт нутгийн 69.8 хувьд дунджаас ахиу, 20.9 хувьд бага, үлдсэнд нь дунджийн орчим цас орсон байх нь. Ингэснээр энэ оны аравдугаар сар сүүлийн 84 жилийн түүхэн дэх хамгийн их цастай 12 дахь сараар бүртгэгджээ.
Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд аравдугаар сарын 12-нд температур агаарт 25.1, хөрсөн дээр 44 хэмд хүрсэн нь тухайн сарын дээд үзүүлэлт болжээ. Харин сарын хамгийн сүүлчийн өдөр Завханы Отгон сумд температур агаарт -26.1, хөрсөнд -28 болсон нь хамгийн бага утгаар бүртгэгдсэн аж. Дундговийн Гурвансайханд аравдугаар сарын 5-нд хамгийн их буюу 33.4 мм хур тунадас орсон бол Өмнөговийн Цогтцэцийд тус сарын 20-нд салхины хурд секундэд 31 метрт хүрч ширүүсэн, дээд үзүүлэлт эвджээ.