Энэ долоо хоногт хүйтний эрч чангарах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, баруун аймгуудын нутгийн зарим хэсэгт маргаашаас хүйтэрнэ. Түүнчлэн төвийн бүсийн хойд хэсэгт нөгөөдөр цас орж, шуурах төлөвтэй аж. Мөн баруун аймгуудын нутгийн зарим, төвийн бүсийн баруун хэсэгт энэ сарын 14-нд, төв, зүүн аймгуудын зарим хэсэгт маргааш нь цас орж, шуурах гэнэ. Гол, мөрний ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул автомашинтай зорчих, хүүхдүүд мөсөн дээгүүр тоглоход цөмрөх аюултайг онцгой байдлын алба хаагчид анхааруулав.
Өнгөрсөн долоо хоногт цас орсны улмаас зарим аймаг, сумын замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа ихэсжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 188-207 км-т халтиргаа үүсжээ. Иймд давс цацах, цас цэвэрлэх зэрэг ажил хийсэн байна. Мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулаг сум чиглэлийн авто замын 286-321 км-т халтиргаа үүссэн тул цасыг цэвэрлэж, хөдөлгөөнийг сааталгүй үргэлжлүүлэх ажлыг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийнхан хийжээ.
А.ҮҮЛЭН