Чих дөжрөм чимээ тасралтгүй үргэлжилж, хоолой аргам тоос, шороо пургисан нөхцөлд удаан байхын эцэсгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан, алхаж гишгэж буй газраа анхаарч, болгоомжтой явахгүй бол унаж, гэмтэж мэдэх. Энэ газар бол улсын онцгой объект болох “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК (“ДЦС-3”) юм. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх цаг болсон хэмээн дээр, дооргүй хэлэлцэж, цахилгааны үнэ нэмэх талаар шуугьж буй энэ цагт “ДЦС-3”-ын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус станцын Дунд даралтын зуухан цехэд том том тээрмүүд тасралтгүй эргэлдэж, их дуу чимээ гаргах ажээ. Тээрэмд нүүрсээ буталж, гурил шиг болгоод асаж буй гал руу хийдэг юм байна. Труба хоолойгоор урсаж буй усыг өндөр температуртай уур болгоно. Энэ уур нь турбин руу дамждаг. Энгийнээр хэлэхэд, данхтай цай буцлахад цоргоор нь уур гардагтай ижил үйл явц өрнөдөг гэсэн үг. Тэр гарч буй уурын хүчээр турбиныг эргүүлж, цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна.
10 төхөөрөмжийн долоогийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ
Улаанбаатар хотод жилд дунджаар 190 гаруй Гкал/цаг (ойролцоогоор 1.163 МВт дулааны чадалтай тэнцүү)-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга, байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож байна. Энэ нь нийслэлийн дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар нэмэгдэж буй үзүүлэлт аж. Хот тэлэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэх нь ойлгомжтой. Гэтэл цахилгаан, дулаан үйлдвэрлэж буй станцуудын үйл ажиллагаа туйлдаа хүрч, сөхөрч унах дээрээ тулжээ. Ийм байдалтай олон жилийн нүүр үзэж буй ч дорвитой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй явсаар эрчим хүчний салбар элгээрээ хэвтэхэд тун ойрхон болоод байна. Тухайлбал, Улаанбаатар хот дахь “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” болон Дархан-Уул, Орхон аймгийн ДЦС-уудын тоног төхөөрөмж хуучирч, элэгдэн, “тэтгэвэрт” гарахдаа тулжээ. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцуудын баталгаат хугацаа гэдэг нь станцуудын зуух, турбин, генераторууд өндөр параметртэй орчинд (439-560 хэмийн халуун) 220 мянган цаг ажиллах нормыг хэлдэг байна. Энэ нь ойролцоогоор 30 жил. Гэтэл “ДЦС-2”-ын тоног төхөөрөмжүүд 53-62, “ДЦС-3”-ын нэг, хоёр, гуравдугаар зуух болон 1-8 дугаар турбин генератор 40-55 жил ажиллаж байгаа ажээ. “ДЦС-3”-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Л.Бөхболд “Үйлдвэрээс тогтоосон хугацаа нь дууссан тоног төхөөрөмжийг сольж, шинэчлэх гэхээр хөрөнгө, төсөв хүрэлцдэггүй. Хугацаа нь дууссан төхөөрөмж элэгдэж, хорогдож, чанар нь алагддаг. Цуурсан хэсгийг нь гагнаж торгоож байна. Ашиглах ямар ч боломжгүй болсон нэг машинаа Эрчим хүчний яамны улсын байцаагчийн дүгнэлтээр хэрэглээнээс гаргасан. Энэ нь 540 хэмд буцалдаг уур, 100 АТА даралт гэсэн үг. Нэг айл өрхийн паар задрахад ямар аюул үүсдэг билээ. Гэтэл тэр нь ердөө 3-4 АТА. Харин 100 АТА даралт бүхий машин дэлбэрвэл ямар аюул учрахыг төсөөлөхөд бэрх. Тиймээс аюулгүй байдлын үүднээс нэг машиныг энэ жил ашиглалтаас хассан. Гэсэн ч асуудалтай тоног төхөөрөмж байсаар байна. Цуурч, эвдэрсэн тоног төхөөрөмжийг яаралтай сольж, засах гэхээр олдоц муутай, хүн хүч хүрэлцдэггүй. Станц хөлдөх юм бол газар доогуурх шугамууд задрах эрсдэлтэй. Зөвхөн станцад бус, газар доорх инженерийн байгууламжид ч асуудал үүснэ” гэв.
Зуухыг ашигтай, эвдрэл, сааталгүй ажиллуулах, галыг тохируулах зэрэг хариуцлагатай ажлыг машинч нар гүйцэтгэдэг юм байна. Автомашинаар бол жолоочийн үүрэгтэй зуухны машинч нар станцын үйл ажиллагаа хэвийн, эсэхийг том дэлгэцээр хянаж сууна. Мэргэжлийн бус хүн ойлгохооргүй өнгө өнгийн дүрс, тоо бүхий дэлгэцийг тэд л тайлж уншиж чадна. Хэрэв ямар нэгэн доголдол гарвал аюулын дохио ажиллаж, автоматаар үйл ажиллагааг зогсоодог гэнэ. Ийм нарийн мэргэжилтэн ховордож буйг Л.Бөхбат онцлон хэлсэн. Мөн станцын үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж явуулдаг диспетчер, инженерийн ажилтай сэтгүүлчдийг танилцуулсан юм. Ус бэлтгэх, түлш дамжуулах, зуух, турбин зэрэг цех хариуцсан дарга нартай тэд “тулж” ажилладаг ажээ. Өөрөөр хэлбэл, технологийн үйл ажиллагааг шууд удирддаг гэсэн үг. Диспетчер, инженерүүд мөн л дэлгэц ширтэж, үйл ажиллагааг хянах аж. Тэрхүү дэлгэцэд бидний хэрэглэж буй эрчим хүчний ачааллыг хормоор хэмжиж гаргадаг гэнэ. “Одоогоор 141 МВт цахилгаан үйлдвэрлэ” гэсэн даалгавар дэлгэцэд харагдаж байна” хэмээн инженер залуу тайлбарлав. Жишээлбэл, өнөөдөр 19.00 цагт эрчим хүчний системийн цахилгааны ачаалал 1500 МВт болно гэж тооцъё. Үүнээс цахилгаан станцуудад 1000 МВт-ыг нь үйлдвэрлэлээ гэхэд, 340 МВт-ыг импортоор авч, үлдсэн цахилгааныг хязгаарлаж зохицуулахаас өөр аргагүйд хүрдэг талаар ярьсан юм. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёр зэрэг явж буйг тодотгосон. Хэрэв зөрвөл эрчим хүчний системд аюулын харанга дэлдэх нь. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцууд хэвийн бус горимд шилжиж, хэрэглээ нийлүүлэлтээс илүү гарсан тохиолдолд айл өрх, албан байгууллагын цахилгааныг шууд хязгаарладаг. Аль нэг шугам гэмтлээ гэхэд орлуулах нөөц байхгүйг мэргэжилтнүүд учирласан. Үүний зэрэгцээ дулааны эрчим хүчний асуудал хоолойд тулсныг инженерүүд хэлэв. Өөрөөр хэлбэл, гадаа 30 хэмийн хүйтэн болоход 120 хэмээр усыг халаах ёстой гэнэ. Гэтэл хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас ийм хэмжээнд халааж дийлэхгүй нөхцөл байдалд хүрчээ.
Ажилтнуудыг уул уурхай, барилгын салбарынхан “урвуулах” болжээ
Станцууд, шугам сүлжээнд гэмтэл гарахад цаг алдалгүй засварлах хүн хүчгүй болсон нь эрчим хүчний салбарт нүүрлэсэн бас нэг “гамшиг”. Сүүлийн үед станцын ажилтнууд ажлаас гарах нь ихэссэн байна. Ажиллах нөхцөл хүнд, цалин хангамж тааруугаас хүмүүс тогтохгүй байгааг дарга нар нь ярив. Залуучууд ирдэг ч нэг сар хүрэхгүй ажиллаад халширдаг гэнэ. Нарийн мэргэжилтнүүдийг уул уурхай, барилгын салбарынхан өндөр цалин амлаж “урвуулах” болжээ. Станцад одоогоор 36 ажилтны сул орон тоо бий аж.
Ийм асуудал “ДЦС-3”-аар зогсохгүй, станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнуудад ч тулгарч буй гэнэ. Тухайлбал, тус станцыг түлшээр хангадаг Багануурын нүүрсний уурхайд энэ онд 100 хүн ажлаас чөлөөлөгджээ. Тэдний 26 нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Ажилчдын 29 хувь нь 35-аас доош насны залуус аж. Гэтэл уурхайчдаа хатуухан хэлэхэд, амиа алдаж ч мэдэх эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж буйг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал шулуухан хэлсэн юм. Үйлдвэрийн хугацаа дууссан тоног төхөөрөмж ашиглаж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад бэрхшээл учруулж буйг тэрбээр нуусангүй.
Багануурын уурхай сард дөрвөн тэрбумын алдагдалтай ажиллаж байна
Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-д ч багагүй асуудал үүсээд буй аж. Тодруулбал, Багануурын нүүрсний уурхай 46 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд төвийн эрчим хүч, 112 сум, суурин газрыг түлшээр хангадаг. Гэтэл тус уурхай вагон тутмаас 635 мянга, хоногт 131 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг уурхайн дарга Д.Түвшинжаргал хэлсэн. Түүнчлэн нэг сард 3.9, хагас жилд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг юм байна. Цахилгаан станцуудаас 10 орчим тэрбум төгрөгийн авлагатай аж. Гэтэл станцууд мөнгөө төлж чадахгүй байгаагаас уурхайн үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, энэ оны эцэст 203 тэрбум төгрөгт хүрэх төсөөлөл гараад буй. Энэ бүхний суурь шалтгаан нь эрчим хүчний үнэ тариф бага байдгаас шалтгаалж буйг Эрчим хүчний зохицуулах хорооныхон болон бусад мэргэжилтэн хэлсэн. Дулааны эрчим хүчийг өөрийн үйлдвэрлэсэн өртгөөс гурав дахин бага үнээр хэрэглэгчдэд худалдаж байгаа нь станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхээс эхлээд хэвийн үйл ажиллагаа доголдоход нөлөөлж буй ажээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас “ДЦС-3” жил бүр төлөвлөсөн ажлынхаа дөнгөж 10 орчим хувийг нь хэрэгжүүлдэг юм байна. Ганц жишээ хэлэхэд, үнс хадгалах санг ирэх оноос бэлдэх шаардлага тулгараад буй. Хэрэв ийм санг бэлдэхгүй бол станцын үйл ажиллагаа шууд зогсох эрсдэл үүсэх нь. “ДЦС-3”-ын ерөнхий инженер Н.Чимэддорж “Сүүлийн жилүүдэд цахилгааны үнийг шинэчлээгүйгээс алдагдал нэмэгдсээр байгаа. Энэ оны алдагдал 14.6 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хуучирч элэгдэж, хэрэглээнээс хасагдсан тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөв болон нөөц байхгүйн улмаас цахилгааныг хязгаарлахаас өөр аргагүй. Шинэ жилийн дараа байдал улам хүндэрнэ” гэв.