Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.ЕсөнЭрдэнэнээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Троллууд цахим орчинд худал, гуйвуул¬сан пост, мэдээлэл түгээхдээ ихэвчлэн ямар арга хэрэглэдэг вэ?
-Хүмүүсийн анхаарлыг татахын тулд хамгийн түрүүнд төөрөгдүүлсэн гарчиг ашигладаг. Жишээлбэл, “Кофе хорт хавдар үүсгэдэг” гэсэн гарчигтай мэдээ байх ч агуулгад нь хэт халуун кофе улаан хоолойн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн л байх жишээтэй. Гарчиг нь бодит байдлыг хэт ерөнхийлж, мушгин гуйвуулж өгдөг. Бас хөзөр холих арга түгээмэл. Энэ нь баримтын зарим хэсгийг зориуд орхигдуулж, уншигчдын анхаарлыг өөр тийш хандуулах арга юм. Жишээ нь, “Манай улс эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орны нэг” гэх мэдээллийг түгээхдээ өмнөх жилүүдийн уналтын талаар огт дурдахгүй байж болно. Ингэснээр хүмүүс бодит байдлыг бүхлээр нь харж чадахгүй. Ийм мэдээллийг зарим хүн санаандгүй түгээж байгаа. Санаатай түгээж буй хүмүүсийн троллууд түгээж байх боломжтой.
-Мушгин гуйвуулсан мэдээлэл яагаад хүмүүст илүү хүрч байна?
-Ихэнхдээ сэтгэл хөдлөлөөр тоглодог уч¬ раас. Айдас, хардлага, өрөвдөх сэтгэл төрүүлэхүйц үг хэллэг, зураг ашиглах нь уншигчдыг бодит баримтаас илүү сэтгэл хөдлөлд автуулах зорилготой. Тухайлбал, “Энэ бүтээгдэхүүнгүй бол таны хүүхэд аюулд орно” гэх мэт ухуулгын шинжтэй пост ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй байж болно. Гэхдээ хүмүүс хүүхдийнхээ төлөө санаа зовнидог учраас шалгалгүй итгэх нь элбэг. Зарим тохиолдолд хүмүүсийг итгүүлэхийн тулд “импостер контент” буюу алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуурайлгах арга түгээмэл хэрэглэдэг. Жишээ нь, “CNN: Монгол Азийн хамгийн баян орон болно” гэсэн мэдээлэл тархвал хүмүүс үүнд амархан итгэж болно. Гэвч үнэндээ CNN ийм нийтлэл огт гаргаагүй байх нь олонтоо.
-Тэгэхээр худал, гуйвуулсан мэдээллээс хэрхэн сэргийлж, троллуудыг яаж таних вэ?
-Юуны түрүүнд мэдээллийг олон эх сурвалжаар шалгаж нягтлах хэрэгтэй. Эх сурвалж нь мэргэжлийн, нэр хүндтэй байгууллага мөн үү, тухайн мэдээлэл бусад найдвартай эх сурвалжаар давхар батлагдаж буй, эсэхийг харах нь чухал. Мөн уншигчид мэдээллийг сэтгэл хөдлөлөөр бус, баримтаар үнэлж сурах хэрэгтэй.
-Ийм мэдээллүүдийг троллууд яагаад ашигладаг юм бол?
-Тролл гэдэг нь Скандинавын домогт байдаг ууланд амьдардаг, аварга биет ер бусын амьтан шүү дээ. Хүмүүстэй дайсагнадаг, бү¬ дүүлэг царайтай, муухай амьтан. Орчин үед нийгмийн сүлжээнд хаяггүй, эсвэл хуурамч хаягаар бусдыг гүтгэх, харааж зүхэх зүйл илгээгчийг ийнхүү хэлдэг болсон. Троллууд цахим орчинд зориудаар бусдыг өдөөн хатгах, маргаан дэгдээх, санаатайгаар буруу мэдээлэл тараах зэрэг үйлдэл хийдэг. Ингэж тэд нийгэмд хагарал үүсгэж, хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэх замаар эрүүлээр сэтгэж, тунгаан бодох, хэлэлцэх боломжийг хаадаг. Олон нийтийг төөрөгдүүлж, тодорхой асуудлаар санаа бодлыг нь өөрчлөхийг зорьдог гэсэн үг. Бизнес, байгууллагын хувьд ч томоохон хор хөнөөл уч¬ руулж болзошгүй. Худал мэдээлэл түгээснээр аль нэг байгууллагын нэр хүндэд зориудаар халдаж харлуулан, эдийн засгийн хохирол учруулдаг. Иймээс троллуудтай харьцахдаа тэдний зорилгыг ойлгож, өдөөн хатгалгад автахгүй байх нь чухал. Мөн хуурамч мэдээллийг нягтлах, шаардлагатай бол ийм зүйл түгээж буй хаягуудыг блоклох, холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
-Троллын нөлөөнд автахгүйн тулд бидэнд дархлаа хэрэгтэй байх нь ээ?
-Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол буюу Media and information literacy гэдэг ойлголтыг бүх хүн мэддэг болох, энэ талын мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад гэхээр тролл ажиллагаа дэлхий даяар илүү зохион байгууллалттай, хортой болсон гэж үздэг. Оросын тролл ферм буюу Санкт-Петербург дэх алдарт Интернэт судлалын агентлагийг илчлэх зорилгоор дотор нь орж ажилласан сэтгүүлч Людмила Савчук “Энэ бол ухуулга биш” хэмээх номд хөлсний бичээчдийг маш тодорхой дүрсэлсэн байдаг. Тэнд бичсэнээр троллуудыг дотор нь ангилдаг. Доод түвшний троллууд нь мэдээллийн сайт, сошиал платформуудад коммент бичиж, олон нийтийн анхаарлыг татах, маргаан үүсгэх үүрэгтэй. Дунд түвшнийхэн нь контент, блог, зурагт хуудас (мийм) бүтээж, тараадаг. Харин дээд түвшнийхэн стратеги тодорхойлж, мэдээллийн урсгалыг зохицуулдаг гэдэг. Людмила арай өөр, илүү өндөр зэрэглэлийн хэлтэст ажиллаж байсан гэж хожим ярьсан. “Кантадора” нэртэй хуурамч дүр бүтээж, түүний өмнөөс блог хөтөлдөг байсан. Тэгээд од эрхсийн нөлөөлөл, романтик учралын тухай сонирхолтой түүх хүүрнэнгээ завсар зайгаар нь улс төр сонирхдоггүй нөхдөд зориулсан улс төрийн хов живүүдийг шигтгэнэ. “Кантадора”-гийн дүр дээр дөрөв, заримдаа бүр таван хүн зэрэг ажиллах бөгөөд өдөр бүр дээрээс өгөгдсөн улс төрийн сэдвээр “дүгнэлт” хийж, “Европын холбоо бол зүгээр л Америкийн хамжлага”, “Украиныг фашистууд удирдаж байна” гэх мэтийн өдөөн хатгалгыг “санамсаргүй байдлаар” бичдэг байсан юм билээ. Ингээд бодохоор троллууд хувь хүн, хамт олон, улс гүрэнд ч нөлөөлнө. Людмилагийн хэлснээр бол бусад руу захиалгаар дайрч, гутаан доромжилж, хуурч мэхлэгсэд өөрсдийгөө муу зүйл хийж байна гэж үздэггүй, тэдний хувьд тролл байх нь ердөө л тогтмол орлогын эх үүсвэр буюу ажил нь. Тэр бүү хэл, энэ ажлыг хийхдээ залхуурч, хэлбэрдэх, хялбаршуулах хандлага түгээмэл учир судлаачид тэдгээр залхуу троллын жиргэх, постлох хэв маягаар нь бодит хүн үү, хөлсний идэвхтэн үү гэдгийг нь ялгаж таньдаг.