Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн ажиллах зургаан жилийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор Засгийн газраас улираан томилох санал гаргасан. Уг саналыг уржигдар УИХ-ын МАН, АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг Авлигын эсрэг хуулийн 21.1-т заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэх заалтыг үндэслэн хийсэн юм.
Улмаар санал хураалтад 112 гишүүний 89 буюу 79.4 хувь нь З.Дашдавааг улираан томилохыг дэмжсэнээр дахин зургаан жилийн хугацаагаар АТГ-ыг удирдахаар боллоо. Авлигын эсрэг хуулийн 21.4-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлсэн нь энэ. АТГ-ыг байгуулсан 18 жилийн хугацаанд даргыг нь улираан томилсон анхны тохиолдол нь тэргүүн комиссар, Гавьяат хуульч З.Дашдаваа болж байна.
Түүнийг өнгөрсөн хугацаанд авилгын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой үр дүнтэй ажилласан гэж УИХ, Засгийн газраас үзсэн аж. Тухайлбал 2020 оноос хойш гэмт хэргийн улмаас гадаад улсад гарсан 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн байдаг билээ.
Мөн АТГ-ын гадаад харилцааг өргөжүүлсэн, цахим системүүдийг шинэчлэн боловсруулж, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах, өргөдөл гомдол хүлээн авах ажиллагааг ухаалгаар удирддаг болсон зэргээр тус газрын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. З.Дашдаваа АТГ-ыг удирдсан өнгөрсөн жилүүдэд олны анхаарал татсан, ЖДҮХС, “Нүүрсний”, “Хөгжлийн банкны”, “Ногоон автобусны” гэх тодотголтой, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон олон хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь тус газар хараат бусаар ажиллаж чадаж буйг илтгэсэн үзүүлэлт гэж УИХ-ын гишүүд үзсэн аж.