Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажил өдгөө 91 хувьтай буй, одоогийн эрчээрээ үргэлжлүүлбэл энэ оны аравдугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвтэйг Усны газрын дарга З.Батбаяр өчигдөр мэдээллээ. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сонгино - хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барих ажлыг 2020 онд эхлүүлсэн. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар анх ярьж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж ажил нь удааширч, сунжирсан. Дараа нь 2024 онд ашиглалтад оруулахаар хугацаа заасан ч мөн л амжаагүй. Тус төслийн удирдагч Т.Болорчулуун өнгөрсөн оны сүүлчээр “Барилгын ажил бүрэн дууссан. Одоо тоног төхөөрөмж угсрах ажил л үлдсэн” гэж мэдээлж байв. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Туул голын сав газрын захиргааны төлөөллийг хамруулсан өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явц 90 гаруй хувьтай гэж дүгнэв. Усны газрын дарга З.Батбаяр “Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Үүнийг ашиглалтад оруулснаар Туул голын бохирдол тодорхой хэмжээнд буурна. Тавдугаар сараас эхлээд шинэ байгууламжид хоногт 40 000, есдүгээр сараас 100 мянган шоо метр бохир ус хүлээн авч, үүний дараа сараас бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна” гэлээ