1965 оны гуравдугаар сарын 18-нд Зөвлөлтийн сансрын “Восход-2” хөлгийн нислэгийн үед түү- хэнд анх удаа хүн задгай сансарт гарсан билээ. Энэ өглөө 08.30 цагт Агаарын цэргийн хүчний дэд хурандаа Павел Беляев, хошууч Алексей Леонов нар автобусанд суугаад Байконурын сансрын буудлыг зорив. Гагарины гарааны үеэс уламжлал болсноор нээлхий хаагдах хүртэл нислэгт бэлтгэсэн хүмүүс, ерөнхий зохион бүтээгч Сергей Королёв, түүний орлогч Евгений Шабаров, сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн зохион байгуулагч, нисэх хүчний дэслэгч генерал Николай Каманин, Байконурын гарааны багийн дарга, хурандаа Анатолий Кириллов нар сансрын нисэгчдийг үдлээ. Дараа нь Кириллов команд өгч Москвагийн 10.00 цагт хөлөг хөөрлөө. Леоновыг задгай сансарт гарах агшинд “Восход-2” хөлгийн дарга “Сансрын орон зайд хүн гарлаа” гэж мэдээлэх нь тэр. Леонов “Нарны туяанд умбан хөлөг алгуур тойрч байлаа. Дэлхийгээс намайг ажиглаж байгаа хүмүүсийн дуу чихэвчинд сонсогдоно” гэж дурссан байдаг. Каманин “Түүнийг задгай сансарт гарахыг нь бид ажиглаж байлаа.
Леонов сансарт хөвж, бидэн рүү эхлээд зүүн гараараа, дараа нь нөгөө гараараа дохиж, зориуд хэд эргэлдсэнээ хөлөг рүүгээ ойртов” гэж бичиж байсан аж. Хөлөг рүүгээ буцах болчхоод байтал гадна талаас үзүүлэх айхтар их даралтаас шалтгаалж Леонов хөдөлж чадахгүй, хувцсан дотор ч даралт ихсэж, хөлөг рүүгээ орох гээд бариулдаа хүрч ч дөнгөхгүй байлаа. Зүүн гарт нь бас кинокамер байгааг хэлэх үү. Хүчилтөрөгчийн нөөц ердөө 30 минутад хүрэлцэхээр үлдсэн байдаг. Уг нь Беляев хөлгөөсөө гарч ирээд нөхрөө татан оруулах хувилбар байж болох ч радио холбоогоор бүх юм ил байгаа болохоор санаанд багтамгүй амжилт олсныхоо дараахан Зөвлөлтийн сансрын нисэгчид хүнд, бараг гарцгүй байдалд орсныг дэлхий дахин мэдэх болно. 1965 онд сансрын өрсөлдөөнд Америкаас ЗХУ тэргүүлж, олон улсын хэд хэдэн дээд амжилт тогтоосон байв. 1965 оны нэгдүгээр сарын 13-нд Каманин өдрийн тэмдэглэлдээ “Сансрын хөлгөөс задгай сансарт гарах нь нарийн, хариуцлагатай, аюултай ажиллагаа юм. Королевын хүссэнээр энэ нислэгийг 1964 оны арваннэгдүгээр сард биш, 1965 оны хоёр, гуравдугаар сард хийлгэхийг би шаргуу хүчлэв. Одоо бол ийм нислэгийг гуравдугаар сард амжилттай хийнэ гэж итгэлтэй хэлж болно. Гагарины нислэгийн дараа хөлгөөс сансрын орон зайд хүн гарах нь манай томоохон ялалт байх болно” гэж бичсэн байв. Аюул осолтой бөгөөд түүхэн энэ үүргийг хэнд итгэж хүлээлгэхийг бодсоор байгаад Каманин “Сансарт анх гаргахаар Алексей Леонов бэлтгэгдсэн, нөөцөнд Евгений Хрунов байсан. Энэ хоёул шалгарсан нисэгчид, Леонов бас зураач. Энэ туршилтын онцлог хийгээд гоё сайхныг тэр бусдаас илүү мэдэрч, өөрийн ажигласан зүйлсээ болон дэлхийдээ эргэж ирсний дараах байдлаа тодорхой илэрхийлж чадна” гэсэн дүгнэлтэд хүр лээ. Нэгдүгээр сарын 13-нд болсон зохион бүтээх товчооны хурлаар задгай сансарт хүн гаргах нислэгийг гуравдугаар сард хийхээр шийдсэн байна. Нэгдүгээр сарын 15-нд Каманин бичсэн нь “Павел Беляев, Леонов хоёр дасгалаа хийж байна. Эмч Леоновын тухайд ямар нэг юм хэлсэнгүй, Беляевийн хувьд юм байлаа. Түүний нас бараг 40 хүрч буй, эрүүл мэнд нь бага зэрэг суларсан. Бэлтгэлийн аль нэг шатанд “унахгүй” гэх бүрэн итгэл надад алга”.
Каманин тэгээд Евгений Хруновыг Леоновын төдийгүй Беляевийн ч орлон нисэгчээр бэлтгэхийг тушаав. Нэгдүгээр сарын 18-нд шинэ асуудал гарч ирэв. Агаарын цэргийн хүчний ерөнхий командлагч, нисэх хүчний ерөнхий маршал Константин Вершининтэй генерал Холодков ярилцахдаа ЗХУ-ын баатар, хурандаа Георгий Береговойг “Восход-2” хөлгийн даргаар томилохыг санал болгосон байна. Леоновын нэрийг дэвшүүлсэн Каманины саналыг ерөнхий командлагч зөвшөөрсөн ч Береговойг 1965 оны нислэгт (энэ нислэг 1968 онд болсон) бэлтгэхийг тушаажээ. Каманин өдрийн тэмдэглэлдээ “Нисэгчийг жингүйдлийн нөхцөлд хөлгөөс гаргах болон хэд хэдэн туршилт хийх “Ту-104”-ийн нислэг маш төвөгтэй, тун аюултай байлаа. Тэгэхдээ уг нислэг сансар руу орох хаалгыг цэлийтэл нээнэ. Газар дээр болон агаарт сансрын нисэгчдийн хийх бэлтгэлийн ихэнх нь сансарт туршихаас үлэмж хүнд ачаалалтай байх болно. Гэлээ ч бэлтгэл хүнд байвал дайны үед хөнгөн гэх Суворовын зарчмаар бид сансарт нисэгчдээ сургадаг” гэж бичиж байжээ. Хоёрдугаар сарын 19-нд Каманин “Бид энэ нислэгт бараг нэг жил бэлтгэсэн. Олон мянган туршилт хийсэн ч сансарт гарсан үедээ хөлөгт чухам юу тохиолдохыг газрын нөхцөлд шалгах боломжгүй. Санаанд оромгүй юм тохиолдож болох шүү дээ” гэж бичиж байжээ. Гуравдугаар сарын 9-нд Улсын комиссын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Георгий Тюлениний удирдлага дор багийн бүрэлдэхүүнд зориулж хийсэн хурал дээр Каманин бэлтгэлийн түвшин, эрүүл мэндийн байдал, ерөнхий хөгжлөөрөө нэгдүгээрт Леонов, ард нь Хрунов, дараа нь Беляев, Заикин дөрөвдүгээрт орж байна гэж хэлжээ. Зургаан сар гаруй хамтдаа бэлтгэл хийсэн Беляев-Леоновын хослолыг салгахгүй байхаар шийдэж энэ тухайд Каманин өдрийн тэмдэглэлдээ “Беляев өөрийгөө бусдад нээдэггүй, нийтэч биш, ноомой номхон, дунд зэргийн авьяас чадвартай хүн, гэлээ ч түүнийг солих тухай асуудал тавих нь одоо нэгэнт оройтсон, тэгээд ч энэ нислэгт тэр сайн бэлтгэгдсэн” гэж бичсэн байв.
Леонов болохоор насаар ч, цолоор ч ахмад, Японтой хийсэн дайнд оролцсон нөхөртөө их хүндэтгэлтэй хандана, түүний найдвартай, сэтгэл чанга байдалд нь итгэнэ. “Сансарт гарсан нь” номдоо Леонов Алс Дорнодод тэнгисийн хүчний нисэгч байсан Беляевийн тухай “Тэр тэнгис дээгүүр нисэж байтал хөдөлгүүр нь гэнэт зогсож, бензиний шахуурга ажиллахаа байв. Баруун гараараа шахуургаа ажиллуулж, зүүнээрээ онгоцоо жолоодов. Эрэг хүртэл 500 километр үлдээд байдаг. Павел Иванович бүтэн сар баруун гараа өргөж чадахгүй байсан гэдэг, булчин нь тэгтлээ өвдсөн байв” гэж бичсэн байдаг. Зориулалтын хувцсаа өмсөөд бэлтгэл хийх боломж олгохгүй байгаа тул нислэгт бүрэн бэлтгэгдээгүй гэдгээ Улсын комисст мэдээлнэ гэж Хрунов хэлсэн нь Королевын сонорт хүрснээс гуравдугаар сарын 11-нд айхавтар хэл ам дэгдэх шахав. Ерөнхий зохион бүтээгч уурсаж, “Өөрийгөө бүрэн бэлтгэгдээгүй гэж мэдэгдэж, сансрын хөлгийг нислэгт бэлтгэхэд саад хийх гэдэг нисгэгч надад хэрэггүй” гэж хэлжээ. Гуравдугаар сарын 13-нд Королёв нисэгчидтэй хяналтын хичээл хийж, удахгүй болох нислэгийн нарийн ширийн зүйлийг нягтлаад “Дэлхийдээ эсэн мэнд ирэх нь хамгийн чухал болохыг анхааруулж хэлье. Мэдээж “Гарах” хөтөлбөрийг та бүхэн биелүүлж ирэх ёстой, гэхдээ ямагт тайван байж, эрсдэлтэй илүү юм хийж болохгүй. Та бүхэнд амжилт хүсье, зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна. Леонов хожим нь “Би тулах юмгүй, гагцхүү баруун гар дээрээ л тогтож байлаа.
Надаас маш их хүч шаардаж, надад ердөө 60 литр хүчил төрөгч үлдсэн байв. Өдий олон жил өнгөрсний дараа ч энэ бүхнийг яаж хийснээ би ойлгодоггүй юм. Тэнд надаас өөр хэн ч байгаагүй шүү дээ” хэмээн дурссан байдаг. Тэрбээр тэгэхэд зааврыг зөрчин байж хөлөг рүүгээ орсон аж. 18 дахь эргэлт дээр Беляев “Восход-2”-ыг гар жолоодлогод оруулжээ. Энэ нь газардахад нөлөөлж, нисэгчид 1965 оны гуравдугаар сарын 19ний 12.02 цагт Пермигээс 180 километр зайд бөглүү тайгад буужээ. Тийм ч хүйтэн биш, -5 орчим градус байсан ч зуны хувцастай нисэгчид голдоо ортол даарав. Беляев, Леонов хоёр гал түлж дулаацав. Удалгүй Пермийн нисэх отрядын нисдэг тэрэгнээс өвлийн хувцас, идэх юм хаяж өглөө. Каманин бичсэн нь “Ийм гавьяа байгуулсан нисэгчдээ бид яагаад тайгад хоёр хонуулснаа ард түмэндээ болон гадаадын олон түмэнд тайлбарлахад төвөгтэй.
Нисэгчдийг шатаар нисдэг тэрэг рүү хүргэх хэрэгтэй, энэ нь аюулгүй гэдгийг нисэх хүчний маршал Сергей Руденкод итгүүлэхийг би хичээж, Королёв намайг халуунаар дэмжсэн ч энэ аюултай хэмээн Смирнов, Брежнев хоёрт Руденко хэлчихсэн байв. Эцэст нь, гуравдугаар сарын 21-ний өглөө л Беляев, Леонов хоёрыг нисдэг тэргээр Пермийн нисэх онгоцны буудалд авчрав. КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев сансрын нисэгчидтэй утсаар ярихыг хүссэнээс Байконур руу нисэх хугацааг цаг гаруй саатуулжээ. 1965 оны гуравдугаар сарын 23-нд Беляев, Леонов нар ЗХУ-ын баатар болж, тэдэнд зориулж Кремлийн их танхимд Засгийн газрын цайллага болж, Брежнев, Косыгин нар сансрын нисэгч, нислэгийг удирдсан хүмүүст баяр хүргэн хэдэн хундага дарс ууцгаав.
Маргааш нь ШУА-ийн ерөнхийлөгч Мстислав Келдышийн өрөөнд зөвлөгөөн болж, хэвлэлийн бага хурал хийж, “Восход-2” ямар хүндрэл бэрхшээл туулж, гавьяа байгуулсныг үнэн зөвөөр нь ярихыг Каманин санал болгосон чинь Келдыш эрс дургүйцэж, харин сансрын хөлөг товлосон газраа бууж, нисэгчид тэндээ хоёр хоног амарсан гэж хэлэх нь зүйтэй гэж тэр үзэж байлаа. 25-ны өглөө Каманин Королёвтой уулзаж өчигдөр Келдыштэй маргалдсан тухайгаа хэлэхэд ерөнхий зохион бүтээгч Каманины санааг дэмжиж, улмаар Смирнов, Келдыш нартай утсаар ярив.
Тэд эхлээд татгалзсан ч Брежневтэй утсаар ярина гэж Королёв айлгасны хүчинд зөвшөөрсөн аж. Гуравдугаар сарын 26-нд Москвагийн их сургуулийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Каманин “Хүмүүс маш олон байлаа. Келдыш, Беляев, Леонов нар сайхан ярьж, хүмүүсийн тавьсан асуултад Леонов бусдаасаа илүү сайн хариулт өглөө. Би харин зарим хариултад сэтгэл дундуур байсан. Нуух хаах ямар ч хэрэггүй жижиг сажиг юманд хүртэл худал их хэлсэн” хэмээн дурссан байдаг. “Восход-2”-ын нислэг Леоновын хэлснээр “Сансарт ажиллаж, амьдарч болно” гэсэн шинэ хязгаарыг нээсэн байна.
Тэр цагаас хойш сансрын олон арван нисэгч, сансар судлаач задгай сансарт гарч, түүнийг ажлын байраа болгосон юм. Америкийн нисэгч эмэгтэй Сьюзан Хелмс сансарт хамгийн удаан (найман цаг 56 минут) ил гарсан бол Оросын иргэн Анатолий Соловьев хөлгийн гадна байсан тоо, хугацаагаараа (16 удаа хөлгөөс гарч, 75 цаг 48 минут ил байсан) тэргүүлж буй.
Р.Жаргалант