Төрийн шагналт, Ардын уран зохиолч Зохиолчид бид том юм ярьцгаана. “Миний багш Ц.Дамдинсүрэн”, нөгөө нь “Миний багш Д.Пүрэвдорж” гэхэд бас С.Эрдэнэ, М.Цэдэндорж гэх ч юм уу хүн гарна. Би ч ялгаагүй миний багш Бэгзийн Явуухулан гэх билээ. Үүнд буруу юм байхгүй. Анхны гэнэн шүлгүүдээ уншиж, үг сургаалийг нь сонсож явсан ачтанаа талархан санах нь зүй бас хүний сайхан ёс оо. Нөгөө талаар энэ бүхэн хорвоогийн хаана ч байдаг явдал байлгүй.
Зөвхөн Оросын зохиолч¬ доор төлөөлөөд бодоход Державин есхөн настай Пушкиныг анх шүлгээ уншихад уяран нулимс унагаж, багш шавийн хэлхээ үүсгэсэн гэх. Оросын аугаа их яруу найрагч, цагийн шүүлтэд тунан үлдэж буй Сергей Есенин, Александр Блоктой анх rap бариад сүрдсэнээс алганы нь хөлс чийхарч байсан бол хуучин Зөвлөлтийн их эзэнт гүрний гол найрагчдын нэг Александр Вознесенский Борис Пастернак шүлгүүдийг нь тоож, өөрийн шавьд тооцон нөхөрлөдөг байсныг сүслэн хүндэлж, хожим “Бид хоёрын найзархал бол арслан хав хоёрын нөхөрлөл байлаа” гэж багшаараа бахархсан нь бий.
Роберт Бернс эзний тариан дээр ажиллаж, өөрөөсөө олон эгч баян авгайг хүүхдийн сэтгэлээр биширч, түүн шиг баян болохсон гэж хүсэж явах цагт саахалт тосгоны нь хөгшин усан цэрэг эр азаар тааралдаж, шотланд ардын дуу дуулж, үлгэр домог ярьж өгдөг байснаас хожим аугаа их найрагч болж, яруу найраг, амраг Жинн хоёроо зэрэг олсон түүхтэй байнам. Энэ мэт яриан дунд юу ороод ирэв ээ. “Голомтны Жангар” гэдэг зохиолчийг би л лав сонсоогүй, уншиж байгаагүй дэг гэж уншигч авгайд санагдаж байж мэднэ. Гэвч надад нэг бодол байдаг. Бидний хэн маань ч нэг л сайхан өдөр зохиолч болчихдоггүй. Бэлэн зэхээний зохиолч хорвоод хэзээ ч байдаггүй ажээ. Тэгээд хэзээ зохиолч болдог юм бэ гэж хүн асууг л даа. Зохиолч болно гэдэг ургамал ургах, урган ургасаар хөвч хангайн гоо дагина мөнгөн цагаан хус байгалийн ямар ч хатуу авир аалийг даван гарч, гоё улаан шаргал өнгөөрөө олны нүд хужирладаг хатан нарс, эсвэл хамгийн эгэл үхрийн нүд, тошлой, улааганы бут амтат жимсээрээ олныг дайлдагтай угтаа адил юм. Үүгээр би юуг хэлэхийг хүснэ вэ. Дээр өгүүлсэн Ц.Дамдинсүрэн, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, Б.Явуухулантай... бид харьцангуй томоо сууж, голдуу дунд сургууль төгсчихсөн, зарим нь их, дээд сургууль төгсөж мэргэжлийн ажил төрөлтэй болсон үедээ уулзаж, шүлгээ уншиж, яруу найргийн хэмээх энэ ертөнцийн хамгийн урт удаан, бэрхшээл түвэгтэй, Гарсиа Лоркагийн хэлснээр “шаналант жаргалын” замд гарцгаасан билээ. Ингээд бодоход хэрэв миний зөв бол бид алдар суут, авьяасын бурхад болсон багш нар дээрээ эрхбиш утга зохиолын үнэр суусан, адаглаад л нас биед хүрсэн, утга зохиолын цагаан толгойд тайлагдаагүй юм гэхэд “А, Б”-г нь нүдэлсэн үедээ очсон байх юм. Гэтэл зохиолч болох зам эндээс эхэлдэг гэж санана уу. У
ран үгийн сайханд ердөө эндээс л автаж эхэлдэг гэж үү. Үгүй шүү дээ. Зохиолч найрагчийн зам тэртээ эрт эхэлнэ. Нүүдэлчний үрс бидний хувьд гял цал болсон танхимд биш, алс тэнгэрийн хаяанд малчны өвөлжөө, зусланд аавын ташуураас намхан бага насанд эхэлнэ. Зохиолчоо байг, зохиол бичихээ байг, уран зохиолтой нөхөрлөх, түүгээр сэтгэлээ гийгүүлэх урт зам эхэлнэ. ...Дулдуй үүрсэн эцэгтэйгээ олноор хэсэж явсан долоон настай Равжаа айлд оржээ. Тэднийд их найр болж байв. Гадаа тэнгэр дуугаран бороо шаагина. Улмаар дээвэр нэвтрэн дусаал гоожиж эхэлжээ. Энэ бүхнийг хараад хүү,
Үүл нь гараад бороо нь орвол
Үүд нь болоод хоймор юуны ялгаа вэ
Үйл нь ирээд үхэхийн цаг ирсэн бол
Хөгшин болоод залуу юуны ялгаа вэ гэж шүлэглэжээ.
Манай монголчууд андахгүй. “Намайг сургуульд ороогүй жаахан байхад багаас шинэ үсгийн бүлгэмд хөөж, нэг сарын дотор уншиж бичиж сураад ирэхэд миний ганц эрэгтэй дүү нас барчихсан байлаа. Би дандаа уйлж, уйтгарлан суухдаа нэгэн уйтай шүлэг маягийн юм бичсэн. Мэдээж тэр хадгалагдаж үлдсэнгүй” гэж Явуу нэгэнтээ ярьж байлаа. Ердөө энэхэн биш ээ. Хүүхдүүд бүгд л Равжаа, Явуухулан байдаг. Эл суутнууд шиг багадаа шүлэглээгүй нь хамаагүй. Харин сайхныг бүтээх, ертөнцийг гоо сайхнаар ухаарах, тэрхүү ухаарч таньснаа өөрийнхөөрөө илэрхийлэх эрмэлзэл, хүслээрээ бүгд адилхан байдаг. Олон бяцхан иргэний сэтгэлд яруу авьяасын үр нойрсон буй. Нойрсон буй үр аяндаа сэрдэггүй. Хаврын дулаан нар, урин салхиар өвс ногоо, цэцэг навчны үр сэргэдэг адил авьяасын гэрэл илчинд сэргэн өндийдөг буюу.
Адуу адуугаа, шувуу шувуугаа танихын адил авьяас авьяасаа бас таньдаг гэж бодном. ...Манайх талын айл. Миний тэртээ бага наснаас манайд хүн дуулж, дуучны алган дээрх хултай айраг бидэртэн байлаа. Алтанхан амтай бүрээ бишгүүрээ Асрынхаа өмнө татанхан байна аа Аа, ха ха ха Ий хий хий хий Аврал болсон богд лам аа Авралын ордонд заланхан байна аа Аа, ха ха ха Ий, хи хи хи гэнэм. Аль олон хүн дуулсныг тэр гэхэв. Тэр олон хүнээс үгүйлдэг нэгний нь тухай яримаар байн
а. Манай нутаг Бүрэнд уул олон. Гэвч нэг л оргил өндөр байдаг нь Бүрэн уул. Тэгвэл хүүхэд насны гэнэн цагаан сэтгэлийг алчуур мэт дэрвүүлэн далласан уянга дууны Бүрэн уул надад бас байх учиртай байжээ. Тэр уулыг “Жангар” гэдэг юмсан. Зүгээр ч нэг Жангар биш “Голомтны Жангар” гээч ээ. Манай хотынхон хойно доо, найрлаж л байх. Нохой хуцна. Харвал Жангар ирж харагдана. Гойруулсан шарга, загал, цагаан хонгор морьтой голдуу. Тэр шарга, загал, цагаан хонгор нь ёс мэт алхаатай байдаг. Эсвэл сайвар, тогтож ядсан уулын буга шиг сайхан амьтад юм. Хазаар, эмээл нь цул мөнгө. Ташуур нь хүртэл мөнгөн тоногтой. Жангар баян хүн биш ээ. Гэхдээ л мөнгөөр тоглож явна. Жангар дүрэлзсэн алаг нүд, адуун цагаан шүд, эр цээжний өтгөн хүдэр дуутай сайхан эр. Найран дээр орж ирээд төдхөн нийлээд явчихна.
Архан хөвчийн унага нь
Агсанхан болоод жороо доо
Амраг жаахан түүнийхээ
Аашинд нь болоод мордлоо гэсхийгээд тасхийхэд нь тулга, тогоо, айргийн хул ханхийж, таанын айрганд шальчийж гүйцсэн найрчны хөлчүү дорхноо гарчих шиг болоод олон хүний нулимс зэрэг зэрэг цийлнэ. Заримдаа хүүхэн дагуулчихсан давхиж ирнэ. Нэг удаа говийн лха бурхны хөлөг шиг хур дэлтэй ижил шарга мориныхоо нэгэнд ногоон торгон дээл, цагаан эсгий малгайтай, нүд хөмсөг болсон өндөр бор хүүхэн унуулчхаад тавьж татаж ирэхэд нь Талынбулаг, Түмийн голынхон хэд хоногтоо харах ярих юмтай болж билээ. Хожим дуулбал, Өвөрхангай, Булганы завсар нутгийн Замбал хувилгаан гэж олонд шүтэгдсэний дээр баян бардам эрийн дунд охиныг хуримынх нь өмнөхөн оргуулж аваад явж байсан нь тэр байжээ. Дуу зохиож дуулна.
Амьдралыг нь мэдэх залгаа сумынхан нь болохоор манайхан түүнийг их өрөвдөнө. “Хүү минь, одоо больж үз. Муу ижийнхээ сэтгэлийг амраа” гэхэд “Би яасан юм. Сайхан морь унаж, эцгийнхээ хөрөнгийг үрсэн л хүн байгаа биз. Хүн алж хүрээ талсан биш дээ” гээд өнгөн дээрээ тоохгүй дүр эсгэвч мэлтрээд ирсэн нулимсаа нударгаараа дарж арчаад цаашид яах, хаачихаа мэдэхгүй, нэгэнт мэдэхгүй болохоор энэ тухай аль болохоор бушуухан мартъя гэсэн юм шиг морь хар ч юм уу, өөр зүйл яриад явчихдаг сан. Хөгшин буурал миний л ээ ижий
Хөвийн тарганаар нутагтай л гэнэ дээ
Хөхүүл мөндөл шиг хоёр дүү минь
Хөтөлийн бараа хараастай л гэнэ дээ
Өршөөлтэй буурал миний л ээ ижий
Өнтийн сугаар суугаа л гэнэ дээ
Өөдгүй муу Жангар намайгаа
Өөгүй л гэж ярьдаг гэнэ дээ... гэж хангинуулж авгай хүүхнүүдийн нулимс барна. “Голомтны” гэсэн нь мэдээж учиртай. Эцэг нь таван хошуу малтай, эр хүний эдэлдгийг эдэлж явсан сайхан эр байжээ. Жангарыг арав гаруйхантайд тэр нас барж, хэнз хүүтэй эх нь хүүгээ эрхлүүлж сургуулиас нь гаргаад өнгөтэй өөдтэй бүхнээ эдлүүлж, Жангар арван тав хү¬ рэлгүй наймаа хийж эхлээд хорь хүрэхгүй эцгийн малыг үсгүй шахам болгож, тийнхүү дураараа дургиж явжээ. Гэхдээ Жангар тийм ч гар мухар, ганзага хоосон эр биш ээ. Арван хоёр жилийг амьд юм шиг сийлж, айл саахалтын олноо аяга цай уухын зуур зурна. Үнэндээ урлагийн золбин бурхан мэт нэгэн ажгуу. Дараа нь айлд орж бузгай сайхан бүсгүйтэй ханилан суугаад овоо болж бүтмээр болж байтал хүүхний эцэг хүргэн хүүгээрээ тарваганы морь хөтлүүлэх гэхэд ганзагандаа тарвагатай морийг нь хээр хаячихаад алга болж, ядарсан хүнд шөлний төлөг, явгарсан хүнд даага сарваа өгөхийг юман чинээ тоохгүй, нөхрийнхөө гарын аяыг даагаагүй эхнэр нь луухаан, жолооч нарын ханш өндөр тэр цагт хотын жолооч дагаад арилж өгсөн гэдэг. Энэ мэтийг үзэж дуулсан хүмүүс түүнийг яаж сайн хэлэх вэ. Жангарыг хэзээний гал голомтод халтай хүн гэж ярилцах болсноор сүүлдээ “Голомтны Жангар” гэгдэхдээ хүрсэн байна. “Жангар баригдаж гэнэ”, “Суман дээр хориотой байна гэнэ” гэж дуулдана.
Мухрын Хомбын хүргэнийг баярхаад байхаар нь Жангар “Би чам шиг Хомбын угаадсыг сахисан гөлөг, хоёр сайрын жалганаас хэтрээгүй төлөг биш ээ. Би чинь чиний дэргэд Тарамцагийн хормойд төрж, Тарганы бэлд өсөж, таван аймаг алхаж явдаг хүн. Танай энэ хадмын тэр гурван азарга сөдрөгөнд миний гурван шаргын үнэ байхгүй” гэж байна гэнэ шүү. Бараг үнэн байх шүү гэлцдэг байлаа. Гэтэл өнөө хориотой Жангар нь нэг мэдэхэд хонгор, шарга морьдоо уначихсан эцгийн буяны шавхруу мөнгөн хазаараа шаргиулчихсан давхиж ирнэ дээ. Багадаа би Жангарыг бишрэн харж, хэлсэн цэцэн цэлмэг үг, дуулсан дууны нь үг аяыг мэгзэм шиг цээжилж явлаа. Намрын нэг сайхан өдөр би өөрийн ганц төрсөн ах Дөнгөтийн Батсүхтэй сумын сургуулийн дотуур байрнаас гэртээ харьж явлаа. Мань Жангар замд гүйцэн ирэв.
Миний ах бас ерөөдөг, зурдаг, Бүрэн сумынхаа клубт “Учиртай гурван толгой”-н Юндэн болж, манай сургуулийн багш “Улаан хүүхэн”-ийг тэврэн дуулж намайг ичээдгийг эс тооцвол юм юманд элбэг дэлбэг авьяастайгаасаа болоод олонд “Элбэг Батсүх” гэгдсэн миний мэтийн дэргэд жинхэнэ их авьяастан байсан.
Тэд үе тэнгийн, яриа их нийлдэг, уулзахаараа заавал хүн шоолж хочлон хөхрөлдөж суудаг хоёр байсан юм. “Чи эртээдийн нөгөө ярьдгаа яриач!” “Яах юм, мартчихжээ.” “Ширмэн нүүртэй Наваан, шилэн нүдтэй Бадам...” “Өөр, өөр!” “Мөлжсөн яс шиг Жамц Мөргөдөг бух шиг Чүлтэм Бүдүүн хошного шиг Даржаа Нарийн гэдэс шиг Халдиа Тэнэх нь хэтэрсэн Агаруу Тэнэг нь хэтэрсэн Ёндон Айрагны борви шиг Балжин Алтны үртэс шиг Сугар...” гээд тоочиход нь миний ах ганц болов гэсэн шиг хөхөрч байлаа. Алив юмыг сайн ухахгүй бяцхан би хүртэл онож хэлсэн үгэнд нь аргагүй биширч явсан сан.
Алтны үртэс шиг
Сугар гэдэг нь нээрээ л нэг үс нь хүртэл шар, шав шар хүн.
Бүдүүн хошного шиг Даржаа гэдэг нь оймсны нь түрий хүртэл эргэчихсэн далбаж явдаг сал сул эр, тэгж хэлүүлэхээс өөр яахсан бэ. Нэг үгээр Жангар морь, эд таньдаг, мөнгө эдэлдэг шигээ үг бас таньдаг нэгэн явжээ. Өвгөн өдийд хаа нэгтээ мэнд амар яваа ч байж мэднэ. Хоёр ч дүү нь өдийд байх ёстой. Нисэж бууж явсан эрх зоргоороо тэр хархүү миний хувьд бол голомтыг минь балласан бус, бяцхан авьяасны минь үрийг ээн төлжүүлж өгсөн нутгийн минь олон авьяастны нэг юм. Тэр мэт олон олон эгэл атлаа эгэл бус цэцийн нэгэн байсан. Үүний учир Явууг санахдаа түүнийг бас дурсдаг билээ би. Жангар, өөр бас олон Жангар манай хонхорт байсан. Урьд өмнийн болоод өнөөгийн нэрт зохиолчид бүгд өөр өөрийн “Жангар”-тай. Амьдрал үргэлжилж байгаа юм болохор өнөөдөр хаа нэгтээ бяцхан Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров өсөж, их амьдралын босго алхаад ирж байвал тэдний өмнөөс угтах цэцэн цэлмэг, дууч “Жангар” нь үгүй юм уу, ховордсон бол яанам бэ. Ер нь манай нутгийнхан их номтой, ухаалаг хүмүүс. Орой хонь хотолно. Өвлийн урт шөнийг гагц аргалын галын илч, дулаан хучлаганы сайнаар барахгүй. Галын захад үлгэр сонсоно гэгч хүүхэд насны жаргал мөнсөн билээ. Өвөө эмээ, ижий аав бүгд үлгэр ярина.
Оньсого гэгч сайхан юм бас байна. “Оньсого мэдэхгүй олийсон сохор”-ыг манай хонхроос олохгүй. Тэгж “гунждуулан” суухыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Эцэг маань сайн монголч. Хутагт Равжаагийн “Цаасан шувуу”-ны үлгэрийг ганц манай ажаа биш Лайширын Намсрай, Галсанбалжирын Чойжамц гээд хот айлын маань эр¬ чүүл бидэнд мөн ч олон удаа уншиж өгчээ. “Цаасан шувууны үлгэр”-ээс өөр сурах бичиг байгаагүй л дээ. Гэвч Талынбулаг, Түмий, Дулаан, Далантүрүү, Шажинбадрахын булгийн хөвөөнөөс гарч хожмоо нэртэй физикч болсон Д.Дамбасүрэн, эрдэмтэн Н.Лхагвадорж, төрийн сайд Ш.Сүхбаатар, гавьяат багш Т.ДашОчир, төрийн түшээ Р.Эрдэнэцэцэг, зартай сурган хүмүүжүүлэгч Ш.Батцэнгэл, инженер Д.Маналжав, хүний их эмч Л.Долгор, нэрд гарч яваа бизнесмэн Ч.Хандсүрэн, Б.Гэлэнхүү, Л.Гүрүүжав... гээд нутгийнхаа хүүхдүүдэд яасан их хэрэг болсон бол гэж би одоо ч гэсэн санадаг хэвээрээ. ...Дэрчгэр чихтэй, малд дуртай бага нас минь одоо төрж өссөн нутагт минь шилбүүр унан гүйж яваа. Өнөөгийн миний үеийнхний бага нас бүгд тэнд үлдсэн юм.
Гэнэн хөөрхий нас минь Бүрэндээ, Талынбулаг, Дулаан, Түмий, Далантүрүү, Зэгстийн булгийнхаа хөвөөнд яваа гэж би итгэдэг. Цаг өөр болжээ. Гэвч нэг зүйл бүү өөрчлөгдөөсэй гэж би хүсэж байна. Найрын зодоон цохион байтугай дуучин дуулахад хажуугаар нь ялаа ниссэн ч ялгаран сонсдмоор соёл, жудагтай, уяралтай жинхэнэ монгол найр болдгоороо болж, тэнд бас өнөөх “Жангар” ирж, хүмүүс сэтгэл уяран суугаасай.
Хүүхдүүд шүлэг, ерөөл багаасаа сонсож, монгол ухаантай сайхан дуу ухааран сонсож байгаасай. Хүүхдүүд зурагтаа нээлээ, өөдөөс нь үлгэр ярьж, оньсого таалгаж, хэн нэгэн ертөнцийн гурав ярьж угтдаг байгаасай билээ. Од гариг орчин үе, зуун халагдаж, цаг хувьслаа гээд бидний хургаа хариулж, адуугаа цуглуулж явсан газар “дэндүү хөгжиж”, монгол гэх юм түүний дотор бурхнаас хүүхэд үрсэд минь ихэд нь их, багад нь багыг өгсөн уран билэг, яруу сайхны авьяасын үрийг нарны гэрэл хөрсний шим мэт тэтгэн соёолуулдаг цэцэн үг, ухаантай уяхан, уран дуу, алаг лимбийн эгшиг бүү бүдэгрээсэй. Ардын шидэт урлаг уран үгс, сэтгэлийн сайхан эгшиг хүнийг хэчнээн л багад нь тосно хүн төдийчинээ эрт амьдрал, сайн муу, сайхан муухайг таньж ухаан сууж, элэг зөөлөрч хүн шиг хүн болно. Их хот суурин олны хөлийн газар, эсвэл харийн оронд нэрээ хорлож яваа, өөрийгөө төдийгүй, удам угсаа, улмаар эх орныхоо ч нэрийг гутааж яваа чанга дуутай өлзий бусын ширүүн гартай хүмүүс ээжийн бүүвэйн дуу, хонь хотолсны дараахан өвөө, эмээ, ижий аав нарын ярих үлгэрийг цагт нь сонсоогүй өссөн байх аа гэж би итгэдэг. Тэгэхээр би юу хүснэм бэ. Аав, ээж нар минь, хүмүүс минь! Та нарын хайр бахархал болсон үр хүүхэд, ач гуч чинь юу юуг харж, ямархан дуу хөгжим сонсож хөлд орж, ярьж сурч өсөж байна вэ. Тэр нь жинхэнэ сэтгэлийн монгол ахуй амьдралын гүнээс төрсөн ардын болоод орчин цагийн үлгэр, шүлэг, ерөөл магтаал, ухаан задлах шидэт рашааны дусал мэт оньсого, ертөнцийн гурав, зүйр цэцэн үг мөн үү, биш үү? Эсвэл харь хахирган этгээд догшин муухай хөгжим сонсож, ертөнцөд юу ч мэдэхгүй гэнэн хонгор зүрхээ дэмий л хөөргөн омойтож, ухааны оронд төөрөгдөл уярлын оронд омог цуглуулж явна уу эхлээд нэг хараатахаач! Төр-хамгийн том аав гэдэг үг байдаг сан. Түүний өсвөр бяцхан иргэд төрөөс ард түмний татвараар байгуулсан хүүхэд саатуулах газар, цэцэрлэг, бүх шатны сургуульд юу сонсож байна?! Ямар юм уншиж байна, ямар үлгэр, оньсого цээжилж, мэдэж байна.
Яг энэ үед нэг удаа анзааран болгоогоорой. Хүнийг муу замд орсон хойно нь бороохойгоор хүмүүжүүлэх гэж монширч байснаас ээжийн нь бүүвэйгээр, ардын дуу, өдий төдий олон хэлбэрийн цэцэн цэлмэг үгсээр багад нь хүмүүжүүлээд авах нь хаа хаанаа амар, адаглаад мөнгөөр яривал хямд биш үү гэж хэнд ч гэсэн бодогдмоор боловч хаа хаанаа “тэнэгийн санаа үдээс хойш” гэдгийн үлгэр болоод байгаа юм биш байгаа даа. Ардынхаа цэцэн билгийг ижийнхээ ангир уурагтай шимэн өсөж, оюуны болоод аргалын хонгор галын илч гэгээнд хөлд орж, шавар балгадын чийгэнд бус, шанхан дэлтийнхээ тоосонд өссөн “Голомтны Жангар” нүүдэлчний их соёлын голомтыг түйвээх голомтны Жангар байсангүй ээ.
Харин сая зуунаар өдий төдий үеийн “Жангар”-уудын бүтээсэн нүүдэлчний аугаа их соёл уран зохиолын язгуур төрлүүдээ ч харийн онол чойр, амьдрах, эс амьдрах есөн зүйлийн “изм”ээр далайлган түүнээ өнөөдөр ч үргэлжлүүлсэн хэвээр, дэлхий дэлхий гэж долдогонон дэвжээгээ аюулд барьж өгөгч бид л төрөлх уран зохиолоо сульдаан доройтуулах, улмаар үгүй хийхнээ ч буцахгүй жинхэнэ голомтондоо халтай “Жангарууд” ажээ. Жангарууд л гэхээс “Мангарууд” гэлтэй биш дээ... “Хөёө” хэмээх номноос нь авлаа