Холливудын жүжигчин Вэл Килмер 4-р сарын 1-нд Лос Анжелес хотод таалал төгсөв. "Batmen forever", "Doors", "Top Gun" киноны од 65 настай байжээ.
Нас барсан шалтгаан нь уушгины хатгалгаа байсан талаар жүжигчний охин “New York Times” сонинд ярьжээ.
Килмер 1959 оны арванхоёрдугаар сарын 31-нд Лос Анжелес хотод дундаж амьдралтай гэр бүлд төрсөн. 17 настайдаа тэрээр Нью-Йоркийн нэр хүндтэй Жуиллиард коллежид элсэн орж, тухайн үеийн академийн хамгийн залуу оюутнуудын нэг болжээ.
Вэл Килмер 1984 онд кино урлагийн гараагаа эхэлсэн. Холливудад түүний жүжигчний од ердөө 15 жил гялалзсан ч гараа нь маш амжилттай байсан юм. Түүний анх дүр бүтээсэн "Маш нууц" кино нь тухайн үеийн хит болж байв.
Харин "Top Gun" киноны дүр нь түүнийг од болгосон юм. Килмер тус киноны гол баатар Маверик хочит, нисгэгч Пит Митчеллийн дүрд тоглосон Том Крузын сүүдэрт үлдээгүй билээ. "Тэр бүхэл бүтэн киноны турш арав гаруйхан үг хэлдэг энэ дүрийг Килмер гайхамшигтай гаргасан байдаг. Том Крузд бөмбөг зөөж өгөх л үүрэгтэй энэ дүрийг амилуулж киноны нэгэн баатар болгох буюу хоосноос нэгэн зүйл бий болгон бүтээх нь Килмерын хамгийн гол чадвар юм” гэж түүний тухай “The New York Times “сонины сэтгүүлч бичжээ.
90-ээд оны эхээр шүүмжлэгч Рожер Эберт хэлэхдээ: "Хэрэв тухайн үеийнхээ хамгийн дутуу үнэлэгдсэн жүжигчний шагнал байдаг бол Вэл Килмер түүнийг хүртэх ёстой" гэжээ.
60-аад оны алдарт рок хамтлагуудын нэг болох "The Doors" хамтлагийн дуучин Жим Моррисоны дүрийг бүтээсэн Килмер шүүмжлэгчийг ийнхүү гайхшируулсан байдаг.
1995 онд түүнийг жинхэнэ утгаар нь алдаршуулсан “Batman Forever”дэлгэцэд гарсан юм. Эл дүрд Итан Хоук, Ральф Файнс, Жонни Депп нарыг сорьсон ч эцэст нь Килмер дээр тогтсон аж.
АНУ-ын урлагийн салбарын хамгийн том их сургуульд суралцаж, тайзан дээр нь Эсхиль, Шекспирийн жүжгүүдэд тоглож байсныхаа хувьд арай сонирхолтой, драмтай дүрийг мөрөөдөж байсан ч энтертайнмент киноны эргүүлэг түүнийг сорсоор эцэст нь түүнийг жүжигчнийх нь хувьд эвдэж орхисон гэлтэй.
90-ээд онд тэрээр “True Romance”, “Tombstone”, “Heat” зэрэг олон блокбастеруудад тоглосон. Харин 2000 он гарсаар тэрбээр олигтой кинонд тоглоогүй бөгөөд дээрээс нь улаан хоолойны хорт хавдар туссан байна.
Килмер протестант шашны олон урсгалын нэг болох "Христийн шинжлэх ухаан" сүмийн итгэгч байсан. Энэхүү итгэлийг дагагчид залбирлын тусламжтайгаар өвчнөөс ангижрах ёстой гэж үздэг. Эл итгэл нь түүний өвчнийг даамжруулсан гэж хэлж болно. Түүний хүү, охин хоёр нь Килмерийг мэс засал, дараа нь хими, туяа эмчилгээ хийлгэхийг арай гэж ятгаж чаджээ. Гэсэн ч жүжигчин хамгийн түрүүнд эмч нар биш залбирал өвчнийг ь эдгээсэн гэдэгт итгэлтэй байв. Хагалгааны дараа тэрээр зөвхөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар ярьдаг болсон байлаа.
Энэ нь түүнийг “Top Gun: Маverick” киноны сүүлчийн анги бөгөөд хамгийн сэтгэл хөдөлгөм дүрд тоглоход саад болоогүй юм.
Вэл Килмер нас барах үедээ ганц бие байсан ч Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг өөртөө татсан, агуу Шерийг хаясан цорын ганц эр ажээ.
Килмер амьдралдаа нэг л удаа гэрлэсэн. 1988 онд жүжигчин Жоан Уэллитэй гэрлэж охин, хүү хоёртой болсон. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн мөн л урлагийн хүмүүс болжээ.