Их сургуулиа төгсөөд, ажилд орж, цалинтайгаа залгасан “баян” явсан үе минь 2003 он юм. Харин үеэл дүү Нандиа минь их сургуулийн I дамжааны оюутан. Харин ээж нь кондуктор. Аав нь микроны жолооч. Үеэл минь тус өрхийн “санхүүч” байв. Эдийн чиглэлээр суралцдаг үеэл минь өдөр бүр аав, ээжийнхээ олсон орлогыг нь авч, банканд хийнэ. Тухайн өдөр орлого их үү, бага байна уу манай Нандиад ерөөсөө хамаагүй. Аавын төрсөн өдөр, ээжийн баярыг ч огтоос тоохгүй. Томчуудаас өдөрт авах ёстой 40 000 мянган төгрөгөө заавал авч, хуримтлалдаа нэмэх нь л түүнд чухал. Тэгээд өдөр бүр хадгаламжийн дэвтрээ бариад л банк хаахаас өмнө ХААН руу гүйдэг сэн. Заримдаа би түүнтэй ханьсаж, банк явна. Хадгаламжийн дэвтрийнхээ мөнгөн дүнг надад харуулаад “Та өдөр бүр биш ч сарын цалингийнхаа 30 хувийг хадгал. Хүүгийн өгөөжөөс гадна алсдаа ирэх үр шим нь танд хэрэгтэй” гэж ирээд дүү байтлаа эгч минь аятай зөвлөдөг байлаа. Би зөвлөгөөг нь огт тоож сонсож байсангүй. Дүү минь ийн аав, ээждээ “чанга хатуу” байсныхаа үрээр тэднийх таван жилийн дараа I хороололд гурван өрөө байранд орж, бид найранд уригдаж байлаа. Тэгэхэд л би хадгаламжийн өгөөж, хуримтлалын хүч гэдгийг анх ойлгож байв. Тухайн үед үеэл дүү маань сургуулиа төгсчихөөд хувийн хэвшилд ажилд орсон байв. Мөн л цалингаасаа хуримтлуулсаар ганц хоёрхон жилийн дараа урьдчилгаа бүрдүүлж, байранд орсон билээ.
Тэр үед 2010 гарсан байв. Би эрдмийн мөр хөөж, БНХАУ руу сурахаар явсан билээ. Сар бүр авдаг 2500 юанийн тэтгэлгээ 30 хоногтоо багтаагаад л “цацчихдаг” үрэлгэн оюутан явлаа. Тухайн үед багш маань “Хятад хүн цалингийнхаа 50 хувийг заавал хадгалдаг. Дараа нь аливаа өвчин зовлон дайрах, аялал зугаалгад явах үед, ер нь аливаа асуудал гарахад хүндрэл гардаггүй. Та нар сургалтын төлбөр төлөхгүйн дээр, дотуур байр, ном товхимлоор хангагдсан учир хүнсэнд чинь 1000 юань л хангалтай. Монгол оюутнууд үрэлгэн л дээ” гэж хэлсэн удаатай. Шүүмжлэл гэх үү, зөвлөгөө гэх үү эл үгийг нь би тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн ч түүнээс хойш нэг их мөнгө хуримтлуулаагүй. Харин одоо тогтмол хуримтлуулдаг. Үр өгөөжийг нь ч хүртэж яваа. Мөнгөө хэрхэн хуримтлуулах тухай олон янзын зөвлөгөө, мэдээлэл бий.
Харин би дэлхий даяар өргөн хэрэглэдэг 50/20/30-ын хуримтлалын аргыг ашигладаг. Энэхүү аргаа та бүхэнд танилцуулъя. Үүнийг 2005 онд анх АНУ-ын сенатор Элизабет Уоррен "All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan" номдоо энэ дүрмийн талаар танилцуулсан гэдэг.
Түүнээс хойш уг дүрэм нь санхүүгийн тэнцвэрийг хадгалж, төсвөө зөв, зохистой зарцуулахад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргын нэг болсон байна. Товчоор хэлбэл, та сарын орлогынхоо 50%-ийг зайлшгүй зардалдаа, 20%-ийг хуримтлалдаа, 30%-ийг хүсэлдээ зарцуулахад таны санхүү тэнцвэртэй гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, сарын орлогынхоо 50 хувийг өдөр тутмын зайлшгүй хэрэглээндээ зарцуулж, 30 хувийг авахыг хүсэж буй зүйлдээ буюу хүслээ биелүүлэхэд зориулан харин үлдсэн 20 хувийг эргэлзэлгүйгээр хадгалах юм байна.
Залуусын хувьд цалингийнхаа 20 хувийг сар бүр тогтмол хуримтлуулах нь алсыг харсан төлөвлөгөө гаргахад тусалдаг. Тухайлбал, орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулах, эсвэл үргэлжлүүлэн суралцах гэх мэт урт хугацааны хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хадгаламж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Ер нь хүн орлогынхоо 20 хувийг хадгалах нь хүнд хэцүү үед хэрэг болохоос эхлээд маш их боломжийг бий болгоно. Магадгүй бизнесээ өргөжүүлэх, том худалдан авалт хийхэд хадгаламжаа барьцаалаад зээл авах боломжийг ашиглаж ч болно.