АН-аас өчигдөр “4:11” мэдээллээ хийж, өнгөрсөн сарын 31-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулсан хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ын үр дүн болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 750 гаруй гишүүн, дэмжигч “Эдийн засгийн форум”-д оролцсоны 80 хувь нь залуу бизнес эрхлэгч байсан. Засгийн газраас сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой өссөн гэж мэдээлж буй ч бодит байдал дээр бизнес эрхлэгч, иргэдэд үр өгөөжөө өгч байгаа, эсэхийг тогтоох, тэдний санал, санаачилгыг сонсох нь чуулганы зорилго байлаа. Форумд оролцогчид орон нутагт төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй, ард иргэдийн итгэл алдагдсан, бизнес эрхлэх орчин орон нутагт бүрдээгүй, улс төр, үзэл санааны ялгаварлан гадуурхалт их болсон, эдийн засаг өссөн гэж байгаа ч бизнес эрхлэгчдэд бодит үр өгөөжөө өгөхгүй байна” гэж дүгнэжээ.
Тус намын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа “Аливаа улс төрийн нам алсын хараа, тууштай тогтвортой бодлогогүй бол сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтын хойноос хөөцөлдсөөр, урт хугацаандаа тухайн улсын эдийн засгийн макро болон микро орчны тэнцвэртэй хөгжлийг орхигдуулдаг. Мөн Үндсэн хуульд заасан ардчилсан нийгмийг хөгжүүлэх зорилтыг улс төрийн бүх нам биелүүлэх ёстой. Гэвч бидний хийсэн судалгаагаар ард түмний 74.6 хувь нь ардчиллын хөгжлөөс эдийн засгийнхыг илүү чухал гэж хариулсан. Тиймээс АН одооноос гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулж, 2024 оны сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар ажиллаж байна” гэв. АН-ынхан бусад бүс нутагт ч дээрх чуулганыг зохион байгуулахаар төлөвлөжээ.