Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олны шүүмжлэлд өртсөн. Тухайлбал, түүний хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27,166 ам.долларын зээлийг өнгөрсөн хоёр сард авчээ. Энэ үйл явдал олны анхаарлыг ихээхэн татав.
Эцэст нь тэрбээр хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн. Тодруулбал, Шадар сайд өөрийн цахим хуудаснаа “Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтад хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл, бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье… Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд хүүгийнхээ сургалтын төлбөрийг сургалтын Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байна” гэжээ.
Гэтэл Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг "одоо болтол төлөөгүй" гэх шүүмж, эргэлзээ олон нийтийн дунд байсаар байна. Иймд сургалтын төлбөрийг буцааж төлсөн, эсэх талаар Боловсролын зээлийн сангийн дарга Ж.Ариунболдоос тодрууллаа. Тэрбээр, "Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Тэрээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж мэдэгдэл гаргасныхаа хоёр хоногийн дараа Боловсролын зээлийн сангийн дансанд шилжүүлсэн" гэдгийг хэлэв.