"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгаалал" үндэсний форум өнөөдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсад нийт 100.993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 10 хувь нь хүүхдүүд байдаг аж. Эдгээр хүүхдийг ЕБС-ийн энгийн сурагчидтай харьцуулахад ердөө 1.5 хувийг эзэлж байна.
Тэгвэл Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачлагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид мөн Төрийн болон төрийн бус форумыг зохион байгуулж эцэг эх, байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцсон.
Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн тэргүүн Ц.Ганчимэг:
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмээс тусгаарлах, нуух, хүүхдээсээ ичих асуудлууд гэр бүл, эцэг эхчүүдийн дунд нэлээдгүй тохиолддог. Энэ нь тэдгээр хүүхдийн хөгжил, хамгаалал, сурах, нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс хүүхдээ нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээнд идэвхтэй хамруулснаар олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, ялгаварлан гадуурхах үзлээс ангид нийгмийг бий болгохын үндэс суурийг бүрдүүлэх юм. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд дутуугаа нөхөн давуу тал болгож чадсан хүүхдүүд ч байдаг. Тиймээс эдгээр хүүхдийг үл тоомсорлох эрх бидэнд үгүй. Дэлхийн суут сэтгэгчид, амжилтанд хүрсэн олон хүн ямар нэгэн байдлаар дутуугийн мэдрэмж амссан, хөөрхийлөлттэй юм шиг харагддаг ч асар их нөөцтэй хүмүүс байсан. ХБИ-д бүх төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв маань ажилласаар байна" гэв.
Тэдний нэг бол Б.Оюунбилэг охин юм. Тэрбээр Завхан аймгийн тусгай сургалттай дөрөвдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Нийслэл, дүүргийн гүйлтийн тэмцээнд тогтмол амжилт гаргаж ирсэн. Австри улсад болсон цасны гутлын гүйлтийн пара олимпд амжилттай оролцон алт, мөнгөн медалийн эзэн юм. Энэ тухайгаа тэрбээр "Намайг эмч төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой гэсэн. Гэхдээ надад хүмүүстэй харилцахад тийм ч хэцүү байдаггүй. Би цаашдаа олон шагнал авдаг тамирчин болохыг хүсдэг" гэв.
Нэг ойтой байхаасаа суумгай болсон Б.Энх-Амгалангийн ээж н.Нарантуяа: Ийм төрлийн чуулган зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүх юм хоёр талтай. 16 жил хурлын сайхан яриа сонссон болохоор бодит амьдралд буухаасаа ярих нь их байна уу даа гэж хардаг. Хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийг хөнгөн гэж боддог тул жирийн хүүхдүүдийн сургуульд л явуулмаар санагддаг. Суумгай хэдий ч хүү минь техник технологийн учрыг амархан олдог. Удахгүй ээжийгээ жаргаана гэдэгт би би ч эргэлздэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй гээд тэднийг үл тоомсорлох хандлага гаргах эрхгүй гэж хүмүүсд хэлмээр байна" гэлээ.