Алт олборлогчид дураараа дургисны улмаас Ерөө, Хүдэр гол улаанаараа эргэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. БОАЖ-ын сайдын шийдвэрээр холбогдох байгууллагынхан хамтран ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь голын сав газарт хууль бусаар алт олборлож буй асуудлыг шийдэхээр ажиллаж байна. БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатаас энэ талаар тодрууллаа.
-Алт хууль бусаар олборлож, байгаль орчин бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авав?
-Ерөө, Хүдэр голын сав газарт хууль бусаар алт олборлож буй компани, бичил уурхай эрхлэгч олон байна. Бид 10 гаруй аж ахуйн нэгж, мөн тооны бичил уурхайчийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн. Нинжа нарыг албадан нүүлгэж, талбайг нь чөлөөллөө.
Уг нь заавал ингэж нэгдсэн хэмжээний шалгалт явуулахгүйгээр орон нутгийн засаг захиргааныхан нутаг орноо хамгаалах, байгаль орчны хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд арга хэмжээ авчихаж болох байсан.
Гэтэл орон нутгийн удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй компани л бол хаана ч хамаагүй очин, газар ухаж болно гэж ойлгодог бололтой, “Удахгүй төвөөс зөвшөөрөл ирнэ. Та нар үйл ажиллагаагаа явуулж бай” гээд хэлчихсэн нь замбараагүй байдал үүсэхэд нөлөөлжээ. Ерөө, Хүдэр сумын нутаг бүхэлдээ усны сав, ойн сан бүхий газарт хамаардаг учраас уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож болохгүй.
-Аж ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгчид шаардлагыг хүлээн авч, үйл ажиллагаагаа зогсоосон уу. Шаардлага тавихаар хүлээн авах хэрнээ шалгалтынхныг явсны дараа ажлаа үргэлжлүүлдэг “жишиг” бий.
-Манай яамнаас гадна МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагын ажилтнуудыг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тиймээс эрх бүхий албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн бүх тоног төхөөрөмжийн компьютерыг хураасан.
Тоног төхөөрөмж ажиллахгүй бол үйл ажиллагаа явуулж чадахгүй. Бидний тавьсан шаардлагын дагуу өдгөө бүгд ажлаа зогсоогоод буй. Одоо нүүлгэж, талбайг чөлөөлөх ёстой.
-Хууль бус үйл ажиллагаа явуулагчдад цаашид хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Гал унтраах маягаар ажилламааргүй байна. Сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төсөл боловсруулж байна. Үүнд хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тусгасан. Үйл ажиллагааг нь зогсоосон ч талбай чөлөөлөөгүй бичил уурхай эрхлэгчдийн техник тоног төхөөрөмжийг албадан гаргах даалгаврыг Засгийн газраас орон нутгийн Засаг даргад өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, Ерөө голын сав газарт хяналтын гурван цэг байгуулж, хууль бусаар алт олборлогчид оруулахыг хязгаарлах гэж оролдсон юм билээ. Гэхдээ хяналтыг сайжруулж, илүү эрчимтэй, хариуцлагатай ажиллуулах ёстой нь анзаарагдсан. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ёстой мэргэжлийн байгууллагынхан тэнд оччихсон алт угааж байсан учраас эрхийг нь цуцлах ёстой.
Энэ мэт ажлыг хойшлуулалгүй, ойрын хугацаанд хэрэгжүүлэхийн тулд шийдвэрийн төслөө энэ долоо хоногт багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.
-Ерөө голын бохирдлоос болж хүүхдүүд өвчилж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Шалгаж тогтоосон уу?
-Биднийг ажиллах үеэр уг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан учраас тодруулахаар Ерөө сумын Бугант тосгоны эмнэлэгт очиж, эмч нартай уулзсан. Тэгэхэд голын бохирдлоос болж, хүүхдүүд өвчилсөн тохиолдол гараагүй гэж байна лээ.