Хэнтий аймгийн Хэрлэн суманд уржигдар нэг цаг гаруй үргэлжилсэн борооны улмаас үер буужээ. Тус сумын II, III, IV багийн нутагт 46 см ус тогтсон аж. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал “Манай газарт үертэй холбоотой 100 гаруй дуудлага ирсэн. Усанд автсан 30 гаруй айлыг нүүлгэлээ. Мөн долоон байшингийн зоорийн давхар усаар дүүрснийг өнөөдөр (өчигдөр) соруулж дуусгахаар ажиллаж байгаа. Гэвч дахин бороо орж, багагүй хүндрэл учруулав. Онцгой байдлын албаны болон иргэдийн төлөөлөл болох 200 хүн ажиллаж байна” гэлээ.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, үерт автсан 25 га талбайг ариутгах шаардлагатай гэж үзжээ. Мөн барилгын зоорийн давхар руу ус орж буй шалтгааныг тогтоож, арга хэмжээ авах үүргийг холбогдох албаныханд өгсөн гэнэ. Ариутгалын ажилд шаардлагатай 11 сая төгрөгийг аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө шийдэж өгсөн байна. Өнөөдөр ариутгалын ажлыг эхлүүлэх аж.
Мөн энэ өдөр тус аймгийн Баянхутаг суманд бороо орж, нэг хүн аянганд ниргүүлжээ. Тус сумын Засаг дарга Д.Байгалмаа “Манай суманд бороо их ороогүй. Хуурай аянга бууж, нэгэн малчин залуу аянганд цохиулан, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа” гэв.