Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдаа өнгөрсөн долоо хоногоос GPS төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Тус газрын харьяанд 33 байгаль хамгаалагч ажиллаж, хотын ногоон бүсэд хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүгдэд нь байршил тогтоогч өгөх гэнэ.
“Teltonika GH 4000” загварын, авч явахад авсаархан уг төхөөрөмж хэрэг зөрчил гарсан тохиолдолд онцгой байдал болон цагдаагийн байгууллагынханд цаг алдалгүй мэдээлэл дамжуулах зориулалттай юм байна. Түүнчлэн ойн “цагдаа” аюул осолд өртвөл холбогдох байгууллагынханд мэдээлж, тусламж дуудаж болох нь.
Үүрэн холбооны сүлжээгүй газар ч ажилладгаараа онцлог аж. “Хамгийн түрүүнд ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд чухал нөлөөтэй. Байгаль хамгаалагчид ажлаа хийдэггүй гэх шүүмжлэл цөөнгүй гардаг. Ийм төхөөрөмжтэй болсноор хэрхэн ажилладаг нь тодорхой болно. Хамгийн гол нь аюул осол тохиолдох, наад зах нь түймэр дэгдэхэд холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх боломж бүрдлээ. Бас ажиллуулахад хялбар, авсаархан юм байна” гэж байгаль хамгаалагчид ярьсан юм.
Дашрамд дурдахад, нийслэлийн Байгаль орчны газрынхан энэ жил 500 метр өндрөөс найман км-ийн тойрог бүхий газрыг шалгах чадалтай нисдэг камераар хотын ногоон бүсийн, автомашин очих боломжгүй газруудад эргүүл хийж буй.