Нов ногоон нарсыг дөрвөн жилийн өмнө ийн суулгаж байв
“Улаанбаатар хот уулын модны “оршуулга” болох нь” хэмээн бичиж, хотыг ногооруулах нэрийдлээр аглаг ойгоос том мод шилжүүлэн суулгаж байгааг манай сонин эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ийн хөндөх шалтгаан ч байсан юм. Арваад жилийн өмнө Энхтайваны өргөн чөлөөний дагуу буюу хотын төв гудамжны нийтийн эзэмшлийн зам, талбайд 500 гаруй том нарс уулнаас шилжүүлэн тарьснаас өдгөө Хархорины гүүрний урдхан байгаа ганц шон л гэрч болон үлдсэн.
Түүний нэгэн адил шилмүүсээ гээж, үхсэн 499 нарсыг хотын өнгө үзэмж гутааж байна хэмээн увуулж цувуулан ачсаар дуусгасан гэдэг. Түүнээс хойхно тарьсан, Гандантэгчэнлин хийдийн урд талын цэцэрлэгт хүрээлэн, Сөүлийн гудамж, “Гранд плаза”-гийн өмнөх зам дагуух шилмүүст модод өдгөө ёстой л байгаагаас цаашгүй, өнгө зүсээ алдан хувхайрч, амьдрах чадвар нь 4-5-хан хувьтай болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.
Гэтэл энэ гашуун түүх халуунаараа шахам байхад “Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөнд 5-7 метрийн өндөртэй 1735 шилмүүст мод ойгоос шилжүүлэн тарина” гээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 6-ны өдөр нээлттэй тендер зарласан. Өдгөө гүйцэтгэгч компани нь тодорч, байгалийн “уушги” болсон ой хөвч рүү маань дайлаар мордохоор бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ.
Том мод шилжүүлэн тарьж болно, болохгүй гэж мэргэжлийн эрдэмтдийг мэтгэлцэж суух зуур хэдийнэ хүчирхэг техник хэрэгсэл, хүнд даацын автомашинууд ногоон ойн шилмэл модыг бөөн бөөнөөр нь суга татаад хэзээ мөдгүй хотод авчрах нь ээ. Хотын ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлтийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх учиртай. Ногоон хотод амьдрах дургүй хүн мэдээж үгүй.
Хоёр жил орчмын дараа өнгөө алдан шарлаж, үхэж эхэлжээ
Нүд, сэтгэл баясгасан модот гудамжаар алхаж, нийслэлийн иргэн гэдгээрээ бахархаж, хүүгийн минь зурсан зурагт амьдарч буй хот нь олон сайхан модтой байгаасай гэж хүсдэг, би. Харин хэн нэгний хэлсэн шиг энэ ажлыг хариуцсан хотын захиргааны хэдэн хүнийг буруутгах гээд өө хайгаад ч байгаа хэрэг биш юм. Хамгийн гол нь төсвийн мөнгийг үргүй хийсгэсэн жишээ бэлээхэн байхад юуны учир ийн улайрна вэ. Үүнийг “мөнгө цохих” нэг сайхан арга гэж хараад байгаа юм биш байгаа? Тэгж хардах ч үндэслэл бий.
Жижиг хэмжээтэй тарьц, суулгацны дэргэд том модны үнэлгээ хавьгүй өндөр аж. Өмнөх бүтэлгүйтсэн жишээнээс харахад л, уулнаас авчирч шилжүүлэн тарьсан том нарсыг нэгийг нь 500-600 мянган төгрөгөөр аж ахуйн нэгжүүдээс авч байж. Тэгвэл энэ удаагийн тендерт ялсан, том оврын шилмүүст мод шилжүүлэн тарих, арчлах ажлыг хариуцах компани уулнаас авчирсан модоо нэгийг нь 400 мянган төгрөгөөр худалдана гэж нэгэн эх сурвалж хэллээ.
Энэ өртгөөр тооцвол тендерт шалгараад буй “Тод газар” компани 1735 мод шилжүүлэн суулгаад 694 сая төгрөг халааслах юм байна. Тэгэхээр их хэмжээний мөнгө “үнэртсэн” ийм ажилд урд хойдох жишээ байтугай уулын модны хувь заяа, их хотод мод ургах эсэх нь огт сонин биш ч байж мэдэх.
“Том оврын мод шилжүүлэн тарих, арчлах үйлчилгээний тендерийн баримт бичиг” нэртэй олон арван хуудас бүхий материал өмнө минь дэлгээтэй байна. Тарих модны суулгацад 5-7 метрийн өндөртэй, шилжүүлэн суулгах шилмүүст мод нь нарс байна, модны гол иш нь эгц шулуун, диаметр нь 10-15 см, өвчин, хортон шавьжид идэгдээгүй, өсөлт жигд байх зэрэг шаардлага тавьжээ. Ойн хамгийн шилмэл, 20-25 насны залуу модод гэсэн үг.
Өөр нэг үг, өгүүлбэр анхаарал татсан нь “Том мод ухаж авахад “ПФН” марктай дүйцэх үзүүлэлт бүхий тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, 3.5 тонноос дээш даацтай автокран, 20 тн-оос дээш даацтай ачааны автомашин зэрэг техник тоног төхөөрөмж зайлшгүй бэлэн байлгах хэрэгтэй гэж бичжээ.
Өчигдөр эдгээр мод амьд гэх шинж тэмдэггүй ийм байдалтай болсон байв
Ойн мэргэжилтний хэлж буйгаар бол ойгоос мод авахын тулд том оврын эдгээр техник хэрэгсэл, тэнд ажиллах хүмүүсийг хүргэх автомашин аваачвал ой талхлагдаж, түүнээс улбаалаад зулзаган мод, маш ашигтай ургамал шавьж устан үгүй болж, ойн эко системд асар хор хөнөөл учруулах аюултай гэнэ. Түүнээс гадна тэр том техникээр ухсан нүхнүүдийг хэрхэн нөхөн сэргээхэд хэн хяналт тавих вэ. Мал амьтан унаж үхмээр том ангалууд яваандаа хөвчийн ойн нэг том эмгэнэл болох юм биш байгаа.
Тухайн тендерт өрсөлдсөн компаниуд багагүй гомдолтой байгаа аж. Нэрээ хэлээгүй нэгэн эх сурвалж “Тендерийн баримт бичиг нь өөрөө маш их алдаатай. Хамгийн ноцтой нь том мод ухаж авахад ийм тийм, үзүүлэлттэй техник хэрэгсэлтэй байх гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Ингэж техникийн үзүүлэлтийг заах хуулиар хориотой.
Мөн том мод ойгоос авахад тухайн орон нутгийн байгаль орчны газартай гэрээ хийсэн байх гэсэн шаардлага тавьсан. Энэ бол байж болохгүй асуудал. Урьдчилаад зөвшөөрлөө авчихсан хүнийг гүйцэтгэгчээр шалгаруулна гэдэг бол захиалгатайн шинж. Нөгөө талаас тендерийг албан ёсны цахим хуудсаар зарлах ёстой байдаг ч тэгээгүй” гэлээ.
Биднийг уулын модоо хотод “оршуулж” үхүүлэхээ больё хэмээн уриалж байх зуур хэдийнэ тендер зарлагддагаа зарлагдаж, ажил хийх гүйцэтгэгчээ тодруулчихаад байна. Үхсэн модод буюу хатаж хорчийсон шонгууд нийслэлээр дүүрэн байхад 700 сая төгрөг нэг компанид өгөх гэж байгааг юу гэж ойлгох вэ. Саяхан ойд хайртайгаа зарлаж, Дэлхийн ойн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсэн энэ салбарынхан юуны учир дуугүй сууна вэ. Ойн модны “оршуулгын газар” болох вий, хот маань.
Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
ТЕХНОЛОГИ НЬ БУРУУ УЧРААС ҮХЭЭД БАЙГАА ЮМ
Д.Энэбиш (Ойн инженер, доктор):
1960-аад онд Улаанбаатар хотыг ногоон байгууламжтай болгохоор ойгоос том мод шилжүүлэн суулгаж байсан туршлага бий. Маш сайн технологитой байсан учраас тухайн үедээ энэ ажил үр дүнтэй байсан. Тэр ч байтугай,
“... Амь болсон үндэстэн
Ачаан дээр завилцгааж,
Уулнаас хот руу
Уулын мод нүүж байна,
Хүн ард руу нүүж байна...” хэмээн Б.Явуухулан найрагч шүлэглэсэн байдаг. Одоогийн манай нөхцөлд том хэмжээтэй модны тарьц, суулгацны олдоц муу байгаа учраас хотын удирдлагууд уулнаас мод авах хуучин аргыг сонирхох болсон. Хот тохижилтынхонд буруу өгмөөргүй байгаа юм. Тарьц, суулгац гээд нэг жижигхэн юм авчраад суулгадаг, өч төчнөөн зардал гаргаж арчилдаг ч, өнөөх нь жил болоод хугараад алга болдог тал бий.
Миний шүүмжлэх зүйл бол ойгоос модыг шилжүүлэхдээ хуучны уламжлалт технологийн дагуу авчрахгүй байна. Гэтэл маш олон модыг нэгэн зэрэг авчраад суулгачихаар ургаж өгөхгүй, технологи баримтлахгүйгээс болоод үхээд байгаа юм. Урагшаа харсан талд нь юм уяад, үндсийг нь хөндөлгүйгээр тэр чигт нь хөндийлөн авч, нойтон эсгийд боож авчирдаг байсан.
Энэ уламжлалт технологийг ашиглавал өнөөгийн нөхцөлд болохгүй ч юм байхгүй. Манай орны өнөөгийн нөхцөлд ингэхээс аргагүй тал хотынхонд байдаг болов уу. Би бас мод тарьж байсан хүн л дээ. Яг үржүүлчихсэн том мод манайд байдаггүй.
ЭНЭ БОЛ ТОХИРОМЖТОЙ АРГА БИШ
Н.Баатарбилэг (МУИС-ийн ой судлалын профессор):
Уулнаас мод авчирч хот суурин газрыг ногооруулахад ашиглаж буй нь цаг хугацаа хэмнэдэг. Том мод учраас амархан ногоон харагдуулна гэсэн онол сүүлийн хэдэн жил хэрэгжлээ л дээ. Яг үнэндээ энэ бол ойн мэргэжилтнүүдийн гаргасан онол биш. Хөгжингүй орнуудад мод үржүүлгийн газар суулгацаа ургуулаад, түүнийгээ бойжуулах талбай руу шилжүүлж, тэнд нь зөвхөн хотод зориулж бэлдэж байгаад том болохоор нь авчирдаг. Ухаж авдаг ч юм биш.
Том хэмжээний бортогонд хийгээд түүнтэй нь авчраад тарьдаг технологи. Манайд ногоон байгууламжийн ажил 20-30 жил хаягдчихсан учраас тэрийг нөхөж гүйцэж чадахгүй байна. Саяын жишгийн дагуу, модоо ургуулаад бойжуулах талбай руу шилжүүлээд хүлээе гэхээр дахиад 5-6 жил болно. Тэрийг л хялбарчлах гээд уулнаас мод авчраад байгаа юм. Шилмүүст төрлийн том модод шилжүүлэн суулгаснаас хойш 2-5 жилийн хугацаанд өөрийн модлогт агуулагдах шим тэжээлээр амьдрах чадвартай байдаг.
Тиймээс эхний хэдэн жилдээ ургаад байгаа юм шиг ногоон харагддаг. Шинээр шилмүүс бий болох нөхцөл байхгүй. Хэдийгээр зориуд усалж, арчилж, хамгаалдаг ч шинэ шилмүүс гарч ирж ургатал дасан зохицох хугацааг давж чадахгүй байна л даа. Дараагийн нэг онцлог нь ууланд ургаж байгаа модыг гэнэт ухаад аваад ирэхээр физиологийн хувьд стресст ордог. Орчиндоо дасан зохицох чадвар муутай, дээр нь манай хотын агаарын бохирдол ихээхэн нөлөөлдөг. Мод хүнээс эмзэг. Навчны амсар гэж бий.
Навч шилмүүсэн дээр байгаа амсрууд нь нарийн ширхэгт тоос, тоосонцорт дарагдаад битүүрээд дахиж амьсгалах ямар ч үндэсгүй болж байгаа юм. Энэ бол тохиромжтой арга биш. Хотыг ногооруулна гэдэг том мод тарих тухай асуудал биш. Өнгөлөг, чимэглэлийн зориулалттай мод тарьж болно. Богино хугацаанд ургаад, өвөлдөө хатаад дахиад хавар нь ургаж болно. Цэцэг тарилаа гэж хүмүүс шүүмжилсэн. Хамгийн зөв шийдвэр бол миний бодлоор цэцэг тарих.
Том модны тухайд нийслэлийн засаг захиргаа хэрэв дөрвөн жилээр ажлаа төлөвлөх гэж байгаа бол цэцэрлэгжүүлэлтийн компаниудад мод тарих мөнгийг нь өг. Дөрвөн жилийн дараа тэр модоо нэхээд авах хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа найман настай мод тарихад ургах бололцоотой болчихсон байна.
ХАМГИЙН ГОЛ НЬ МОДОО ХААНААС, ХЭРХЭН АВЧ БУЙ НЬ ЧУХАЛ
Р.Ганбат (БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн):
2-3 метр өндөртэй модыг ойгоос авчирч шилжүүлэн суулгаж болно. Сүүлийн үед техник технологи сайжраад ийм мод авчирч тарьж байгаа. Технологийн дагуу хийгээгүй, үндэсний системийг нь хамаагүй тайрдаг учраас хэдэн жилийн өмнө бол авчирсан моднууд нь хатаад үхдэг байсан. Сүүлийн үед арай өөр болсон. Авчирч суулгах технологидоо л учир нь байгаа юм. Технологийн дагуу авчраад тарьж болно, хориглосон зүйлгүй.
Хамгийн гол нь модоо хаанаас, хэрхэн авч буй нь чухал. Байгаль дээр моднууд маш ойрхон 50 см-ийн зайтай ч юм уу, бүр түүнээс ч ойрхон ургасан байх нь бий. Түүнийг сийрүүлэх маягаар авч болно. Гэхдээ шигүү ургасан модыг ухаж авахдаа үндэсний системийг нь гэмтээхгүй байх ёстой. Тиймээс модоо зөв сонгож, технологийн дагуу ухаад, авчраад тарьж болно.