Нийслэлийн баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд орших Хун нуурыг хун, улаан хөлт хөгчүү, ангир, эгэл хараалай, бор нугас зэрэг олон төрлийн усны шувуу зорьж ирж, зусдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нуурын ойр орчимд их хэмжээний хаягдал төвлөрснөөс усны шувууд үүрээ засаж, идээшихэд багагүй бэрхшээл учруулах болжээ.
Иймд Монголын шувуу хамгаалах нийгэмлэгийн санаачилгаар нийслэлийн Байгаль орчны газар, Монголын шувуу ажиглагчдын клуб, “Монголын УАЗ” клуб, “Adventure temple” кафе зэрэг байгууллага “Хун нуураа цэвэрлэж, хун шувуудаа угтацгаая” уриан дор нэгдэж, нуурын ойролцоох газрыг цэвэрлэжээ.
Энэ үеэр шувуу ажиглагч, судлаачид Хун нуурыг нийслэлийн хамгаалалтад авч, орчныг нь тохижуулан, шувуу ажиглах, амралтын хүрээлэн болгох санаачилга гаргасныг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд дэмжсэн байна.
Сонирхуулахад, шинээр баригдсан нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дэргэд байрлах эл нууранд 2009 оноос хойш хос хун нутаглах болсноор ийн нэрлэсэн гэнэ.