Цахилгаан дамжуулах агаарын шугам дээр сууснаас жил бүр хэдэн зуун шувуу хүчдэлд цохиулж үхдэг. Хүчдэлд цохиулан үхсэн шувуудын дотор “Улаан ном”, “Улаан данс”-ны нэн ховор, эмзэг ангилалд багтсан нь цөөнгүй бий. Монголын үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор тэдгээрийн нэг. Судалгаагаар жилд дунджаар 4116 идлэг шонхор энэ аюулаас болж хорогддог нь тогтоогджээ.
Цахилгаан дамжуулах шугамыг аюулгүй болгох талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьж, мэргэжилтнүүд хуванцар тусгаарлагч хийх, хөндлөн тулгуур дээр цацган болон хадаасан тусгаарлагч, арзгар төмөр, эргэлдэгч толь байрлуулдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Тэгвэл БОАЖЯ, Эрчим хүчний яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, “Оюутолгой” ХХК хамтран “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулав.
Судлаачид “Дамжуулах шугамыг аюулгүй болгох асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх хэрэгтэй. Үүний тулд нэн түрүүнд шугам засах хугацааг тогтоож, үүнд шаардлагатай зардлыг шийдэх, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох хэрэгтэй” хэмээн ярилаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд 20-26 зүйлийн 2343 шувуу хүчдэлийн шугамд “цаазлуулжээ”.