Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, “Ирвэс хамгаалах сан” ТББ-ынхан дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний олон талт судалгаа хийхээр гэрээ байгуулсан юм. Мэргэжилтнүүд популяцын тоо толгойг тогтоох эхний шатны судалгаагаа өнгөрсөн сараас эхлүүлсэн билээ. Тэгвэл тус байгууллагынхан цоохор ирвэсний гол тархац нутаг болох, Өмнөговь аймгийн Зүүнсайхан ууланд 11, Дундсайханд 10, Баруунсайханд ес, Баянцагааны нуруунд 11 ширхэг автомат камер байршуулжээ. Эдгээр камерыг ашиглан 40 хоног судалгаа хийх гэнэ. Гэрээний хоёрдугаар үе шат ирэх тавдугаар сараас эхлэх бөгөөд Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын Баянбор, Зөөлөнгийн нуруу, Сэврэй хайрхан, Гилбэнт, Нэмэгт, Алтан зэрэг ууланд камер суурилуулах юм. Уг судалгааг жил бүр шат дараатай хийснээр Өмнөговь аймгийн нутаг дахь цоохор ирвэсний тоо толгойг нарийвчлан тогтоох боломжтой хэмээн тэд үзэж байна. Сонирхуулахад, тус цогцолбор газарт байрлуулсан 94 камерт өнгөрсөн онд 179 цоохор ирвэс зургаа үлдээжээ.