Улсын тусгай хамгаалалттай Даян нуураас загас агнаж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж байна. Тус аймгийн Өлгий сумын иргэн С 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас зөвшөөрөлгүй агнахын зэрэгцээ заарт харх буюу ондатарын эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.
С загасаа Сагсай сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай Даян нуураас агнаснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Шинжээчид түүнийг улсад арав гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Худалдах зорилгоор хууль бусаар агнах болон гол хатаж ширгэсний улмаас Монгол хадран загас жил ирэх бүр ховордож буй аж.
Харин заарт харх “Улаан ном”-д бүртгэгдсэн, замбараагүй агнах, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтны төрөл зүйл. Заарт хархны тархац нутгийн долоо орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авчээ.
Иймээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.