Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-14.9 градус хүрч 7-10 хоног хүйтрээд, дараа нь хүйтний эрч суларч тал, хээрийн бүс нутгат тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсан, салхи 16-27 м/с, зарим үед 28-30 м/с хүртэл ширүүсч аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсний улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 12 дугаар сарын 03 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий Улсын онцгой комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан хоёр шуурхай бүлэг 21 аймагт ажиллаж үнэлгээг Засгийн газарт танилцуулсан.
Төв, суурин газрын болон аймаг, орон нутгийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд:
- “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоол,
- “Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 338 дугаар тогтоол,
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 2016 оны 160 дугаар тогтоол,
- “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 163 дугаар тогтоол,
- “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 08 тогтоол буюу нийт 5 удаагийн тогтоол гаргуулж, Засгийн газрын нөөц сангаас 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргуулсан.
Тодруулбал, 2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр өнөөдрийн байдлаар Засгийн газрын дээрх тогтоолуудаар:
- 12 аймагт 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө,
- улсын нөөцийн 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулсан үнийн зөрүү болон тээвэрлэн хүргэх зардалд 1,1 тэрбум төгрөг,
- эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 19 аймгийн Эрүүл мэндийн төвд 36 автомашин,
- аймгуудад олгох малын эм, биобэлдмэлд 41,8 сая төгрөг,
- зарим аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс 4 автомашиныг орон нутагт хуваарилж олгосон.
Улсын хэмжээнд 61.5 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16.1 мянган малчин өрхөд 6.9 сая толгой мал өвөлжиж байна.
Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс мал бүхий иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг хүргэсээр байна.