Энэ сарын цаг агаарын төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цагуурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Цаг агаарын төлөв энэ сард олон жилийн дундажтай харьцуулахад ямар байх вэ?
-Хоёрдугаар сард цаг агаар нэлээд дулаардаг. Гэхдээ салхины хүч, давтамж нэмэгддэг учраас цас ороод шуурчихвал мал бэлчээрлэх, иргэд орон нутаг руу зорчих зэрэгт хүндрэл учрах тохиолдол элбэг. Олон жилийн дунджаас харахад, жил бүрийн хоёрдугаар сарын сүүлчээр салхи ширүүсдэг.
Агаарын температурын хувьд энэ сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн бол Баян-Өлгийн нийт нутаг, Увсын урд, Ховдын хойд, Завханы баруун урд хэсэг болон говийн нутгаар дулаан байх төлөвтэй.
Бусад нутгаар дундаж орчим байна. Хугацааны хувьд авч үзвэл, ойрын тав хоногт цас багатай, дулаан, энгэр ээвэр газар болон говь, талын нутгаар шөнөдөө 10-16 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус хүрч дулаарах нь. Харин цас ихтэй, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Хоёрдугаар 10 хоногийн эхний хагаст хүйтний эрч ихэнх нутгаар бага зэрэг чангарч, цас ихтэй нутгууд, тэр дундаа Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 36-42, өдөртөө 23-28 градус хүрч хүйтэрч болзошгүй. Сарын сүүлчийн хагаст хүйтний эрч суларна.
-Өдгөө нийт нутгийн хэдэн хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна вэ?
-70 орчим хувь нь цастай. Ховд, Увс, Завхан, Булган, Сэлэнгэд 21-50 см хүртэл цасан бүрхүүлтэй. Бусад нутгаар 6-17 см цастай, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн дийлэнх нутаг нь цасгүй.
-Хэр их цас унах төлөв ажиглагдав?
-3-4 удаа цас орох нь. Энэ сарын 5-нд баруун аймгууд, 6-нд ихэнх нутгаар цас орж, шуурна. Хоёрдугаар 10 хоногийн эхээр баруун болон төв, говийн бүсийн зарим газраар, хоёр болон гуравдугаар 10 хоногийн дунд үед нутгийн хойд хэсгээр цастай.
Нутгийн баруун хагаст, ялангуяа, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим нутгаар олон жилийн дунджаас их цас орно. Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Өмнөговь, Дорноговийн урд хэсэг гэсэн хил дагуух нутгаар дунджаас бага цас унана.