Ес эхлэхээр ургаж, таван ес өнгөрөхөд хагдардаг нэгэн ургамал манай оронд байдаг нь усанд хөвдөг хөрш нэртэй. Өвөрмөц энэ ургамал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойно 30 гаруй километрийн зайтай орших Дархан булгийн усан дотор ургадаг аж. Тус аймгаас энэ ургамлыг судлах ажлын хэсэг гарч, саяхан тухайн газарт ажиллаад иржээ. Булаг баруун өмнө зүг рүү 10 гаруй метр урсаж хөлдсөн, булгийн усны температурыг хэмжихэд -3.5 градус байсан гэнэ.
Энэхүү газрын ойролцоох хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд улаан тулам, банзаддоо, цахилдаг, федын аргамжин цэцэг, австри хавтгана, эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг юм байна. Домог түүхээс улбаалан энэхүү булаг дээр эмэгтэй хүн очдоггүй уламжлалтай.
Хоёр жилийн өмнө ширүүн бороо орсноос булгийн эх орчмын газрыг таван метр гүнзгий эрэг гарган хөрсийг нь урсгаж одсон ч усанд хөвдөг хөрш дахин цэцэглэсэн нь судалгааны багийнхны анхаарлыг татжээ. Энэхүү булгийн ойролцоо хаданд нарны сүг зураг бий. Хамгийн их энерги бүхий газарт эртний хүмүүс ийм тэмдэглэгээ хийдэг байсан гэдэг. Дархан булаг нь ан амьтан ундаалахад тохиромжтой, өндөр хадан хавцлаас гарч, километр орчим урсдаг байсан бол өдгөө нүдэн булаг болжээ. Дээрх ургамлыг өнгөрсөн жилээс ид ургаж байгаа үед нь очиж судалж эхэлсэн байна.