Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Э монгол бөхөнгийн 78 хос эвэр тээвэрлэж явсныг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй. Тэдгээр эврийг худалдах зорилгоор авч явсан хэмээн түүнийг сэжиглээд байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 203.2-т зааснаар хэрэг үүсгэн МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.
Бөхөн гоц халдварт мялзан өвчнөөр хорогдож эхлэх үед холбогдох байгууллагын мэргэжилтнүүд эл амьтны сэг зэмийг устгахдаа онцгой анхаарч, эврийг нь тусгай хяналттайгаар авч хадгалах талаар санал гаргаж байсан ч Онцгой комиссынхон үл ойшоосон. Үхсэн бөхөнг булахдаа хяналтаа зохих журмын дагуу тавьж, мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу эврийг нь авсан бол хууль зөрчсөн ийм үйлдэл гарахгүй байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Бидний авсан мэдээллээр гоц халдварт өвчнөөр хорогдсон бөхөнг булах үедээ эврийг нь авсан гэж тогтоогдсон бөгөөд заримдаа булсныг нь ухаж авсан гэх мэдээлэл ч байгаа юм. Уг хэрэгт сум орон нутгийн удирдлагууд ч холбогдоод буй гэнэ. Цаашид бөхөнгийн булсан сэг зэмийг ухаад эврийг нь авах тохиолдол гарахгүй гэсэн баталгаа алга.
Орон нутгийн зарим иргэн “Бөхөнгийн сүрэгт мялзан өвчин халдварласныг тагнуулын байгууллага шалгах хэрэгтэй. Эврийг нь авахын тулд ийм өвчин зориудаар тараасан байхыг үгүйсгэхгүй. ҮАБЗ ч үүнд анхаарах ёстой” гэж байгаа юм.
Дашрамд дурдахад, бог малын мялзан өвчний улмаас өдгөө Говь-Алтай, Ховд аймагт 3000 орчим бөхөн хорогдоод буй. Өвчний тархалтыг хязгаарлах үүднээс үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг устган, газрыг нь ариутгаж буй. Энэ ажлыг өргөжүүлэх, шуурхай зохион байгуулахад зарцуулах хөрөнгө төсөвгүйгээс цаг алдах тохиолдол гарч буй юм.
Тэгвэл дэлхийд ховордсон уг амьтныг хамгаалж, устах эрсдэлийг нь бууруулахад олон улсын байгууллагууд анхаарч эхэлжээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн ХБНГУ дахь хөтөлбөрийн газраас цахим хуудсаараа дамжуулан монгол бөхөнг аврах хандивын аян эхлүүлсэн байна. Тус газрын санаачилсан аяны хүрээнд өчигдөр 17.00 цагийн байдлаар 25.000 евро цуглараад байв. Хандивын аяныг ирэх сарын 6 хүртэл үргэлжлүүлэх аж.