Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны хайгуулын Богд IV, Онги V, Матад XX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй “Petro Matad” компанийн хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд тасралтгүй өссөөр, өчигдөр нэгж нь 29.6 пенсэд хүрэв. Энэ нь өмнөх өдрөөсөө 22.8 хувиар дээшилсэн үзүүлэлт боллоо. Өмнө нь байгуулсан гэрээгээ цуцалсныхаа төлөө газрын тосны салбарт томоохонд тооцогддог “Shell” компани “Petro Matad”-д үлдсэн таван сая ам.долларыг ойрын хугацаанд шилжүүлэх хүлээлттэй байгаа юм. Үүнийг ирэх 10 хоногт шилжүүлэх төлөвтэй байгаа талаар proactiveinvestors.co.uk цахим хуудсанд мэдээлжээ. Энэ нь “Petro Matad”-ын хувьцааны ханшид эергээр нөлөөлж буй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тус компанийн хувьцааны ханш 11 пенс байсантай харьцуулахад өдгөө 170 хувиар өсөөд байгаа юм.
Эргэн сануулахад, 2016 оны наймдугаар сарын дундуур “Shell”-ийн охин компани эхний төлбөр болох 10 сая ам.долларыг “Petro Matad”-д шилжүүлж байв. Дээрх хоёр компанийн байгуулсан гэрээг цуцалсныг Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсны дараа үлдсэн таван сая ам.доллароо өгнө гэдгийг өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл баримт бичигт бүх тал гарын үсэг зурсан гэнэ. “Petro Matad” энэ онд Монголд хоёр цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Үүнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийн тодорхой хувийг шилжүүлэх гэрээ (өмнө нь “Shell”-тэй ийм гэрээ байгуулсан нь цуцлагдсан) байгуулах компани хайж буй аж.