Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:06 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэр Таван толгой уурхайн төвөөс зүүн зүгт 10 км-т /У-105052/00//, Ө-43053/00/// 3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон.
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016.12.03-ны өдрийн 2/1782 дугаар мэдэгдэл, Цогтцэций сумын Онцгой комиссын хурлын шийдвэр, сумын засаг даргын А/243 дугаар захирамж гарч тус сумын мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Улмаар сумын төв болон Уул уурхайн компануудын үйл ажиллагааг зогсоож, 12:00-18:00 цагийн хооронд цахилгааныг хязгаарлан, ЕБС-ын дотуур байрны 82 хүүхдийг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гэр кемпэд, Цагаан-Овоо багийн “Цэций хороолол”-ын 11 байрны 550 өрхийн 1100 иргэнийг Уурхайчин гэр хороололд, сумын эмнэлгийн 31 өвчтөнийг ар гэрт нь тус тус нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01:48 цагаас 23:27 цагийн хооронд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болсон.
Аймгийн Онцгой байдлын газар, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн нийт 40 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сумын засаг даргын 2016.12.04-ны өдрийн а/245 тоот захирамжаар тус сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг 2016.12.04-ны өдрийн 10:00 цагт цуцалж, ард иргэдэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа хийж ажиллажээ.