Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хурлаа хийж, агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний төслийн саналыг ирэх лхагва гаригт ирүүлэх үүрэг яамдад өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох, стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч, тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” хэмээн хурлын үеэр онцолсон.
“Агаарын бохирдол зөвхөн Монгол Улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот бохир агаартай 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. 2005 онд 10 мянган хүн тутмын 697 нь амьсгалын замын өвчин тусаж байсан бол 2014 онд 1730 болж, 2.4 дахин нэмэгдсэн байна.
Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, олон жил эдэлсэн автомашинаас авах татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ярилаа.
Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Агаарын чанарыг сайжруулах бүс дэх гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, шөнө хэрэглээсэн эрчим хүчний үнийг тэглэх, сайжруулсан зуух, шахмал түлшээр хангахад дээрх мөнгийн зарцуулахаар төлөвлөжээ.